Х.Ганхуяг: 2026 оны Улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэх жүжиг дэглэж сууна

Х.Ганхуяг: 2026 оны Улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэх жүжиг дэглэж сууна

“Улаан, ногоон лаазаар дохио өгч, кноп даруулж байна” гэх асуудалд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлбар өгсөн байна.

Тэрээр “УИХ-аар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Ирэх оны төсвийн зардлаас 1 их наяд төгрөг танаж багш, эмч нарын цалин ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байна. Бүтэн гурван удаагийн хэлэлцүүлэг явах хугацаанд ерөнхий нөхцөлөө бүрэн ойлгочихсон гишүүд чуулган дээр улаан ногоон лааз өргүүлээд надад удирдуулна гэж юу байхав. Ардчилсан намын төсөв, Ардын намын төсөв гэж байхгүй. Монгол Улсын нэгдсэн төсөв л гэж байгаа. Харин энэ төсвийг батлуулахгүй гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс их байна. Тэд шалтаг, шалтгаан өө хайж сүүлдээ улаан ногоон лааз гэх улстөрийн жүжиг дэглээд байдаг л чадлаараа харлуулах гэж хичээж байх шиг. Ямар ч зүйлийг улстөр болгож эвлүүлж харлуулж чаддаг пиарын технологи нь улаан ногоон лааз гэх ядарсан аргаар төсвийг харлуулж улмаар батлуулахгүй байх эцсийн зорилготой. Төсөв батлагдахгүй бол Засгийн газар, УИХ-аас амласан багш эмч нарын цалингийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл гээд бүх зүйл хэрэгжих боломжгүй болно. Эцсийн дүнд УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах гэж улаан ногоон лаазыг хүртэл харлуулах технологидоо ашиглаж байгаа бүлэг хүмүүсийн зорилго биелнэ. Улсын төсөв бол намын талцал маргааны золиос биш шүү. Монгол Улсын иргэдийн амьдрал гэдгийг онцгойлон хэлье” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

10 цагийн өмнө