ШУУРХАЙ: Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Иргэн О.Отгонтөгс УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага тооцуулах асуудлаар Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  иргэн О.Отгонтөгс нь Улсын Ерөнхий прокурорт хандан, "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн. Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хариуцлага тооцуулах" асуудлаар гомдол гаргасан байдаг.

Тэгвэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нарт холбогдох дээрх гомдлыг хуулийн байгууллагаас хүлээн авч, хэргийг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг өнгөрсөн аравдугаар сарын 23 /2025.10.23/-ны өдөр хянан хэлэлцээд, "Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн" гэж дүгнэсэн. Мөн иргэн О.Отгонтөгс уг асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан тул хуулийн байгууллагаас түүнийг шалгаж эхэлсэн байна. 

Ингэхдээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" гэмт хэрэг байж болзошгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг харьяаллын дагуу Тагнуулын байгууллага руу шилжүүлэхээр болсон байж магадгүй байгаа юм. 

Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл /Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах/-ийн 1-д "Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Ташрамд өгүүлэхэд,  УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн хэмээн УИХ-ын дэд даргаас нь чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлэх шийдвэрийг гаргасан. Уг асуудлыг өчигдөр /2025.10.31/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр байсан ч гишүүд "Х.Булгантуяа нь өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тул зөвхөн УИХ-ын дэд даргаас бус УИХ-ын гишүүнээс нь хүртэл эргүүлэн татах ёстой" гэх байр суурийг илэрхийлж, улмаар тухайн асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Ямартай ч Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэгдээд байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.