ХЭРГИЙН МӨРӨӨР: Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллуулахаар гомдол гаргажээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллуулахаар гомдол гаргажээ

Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай эрэгтэй Ц.Дагвадорж нар нь 16, 32 настай эмэгтэйг хөнөөгөөд уг гэмт үйлдлээ нуун далдлахын тулд амь хохирогч нарын цогцсыг чемодан болон хувцасны шүүгээнд хийж нуусан байсан онц ноцтой хэрэг 2024 оны зургаадугаар сард гарсан билээ. 

Улмаар Нийслэлийн прокуророос тухайн хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан гэх этгээдүүдийг Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 17-ны /2025.09.17/ өдөр хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. 

-БУСДЫН ГАРТ ГАНЦ ОХИНОО АЛДСАН ИРГЭН О.ОТГОНТУЯА ХЭРГИЙН ОРОЛЦОГЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ИНЭЭМСЭГЛЭН, ЦАЙ УУЖ БАЙГАА ЗУРГИЙГ ДЭЛГЭВ-

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай хохирогч охины ээж О.Отгонтуяа "Хэргийн оролцогч байж болзошгүй нэр бүхий хүмүүсийг хохирогчоор тогтоосонд гомдолтой байгаагаа илэрхийлж, талийгаач охиных нь чемоданд хийсэн цогцсных нь дэргэд инээмсэглэн, цай ууж байгаа хүмүүсийн гэрэл зургийг дэлгэсэн. Энэ нь тухайн хүмүүсийг хэргийн оролцогч байж болзошгүй гэх хардлагыг нийгэмд төрүүлж, улмаар иргэд хэргийг шударгаар шийдэхийг шаардаж эхэлсэн юм. 

Мөн бусдын гарт ганц охиноо алдсан иргэн О.Отгонтуяа хэргийн оролцогч байж болзошгүй нэр бүхий хүмүүсийг хохирогчоор тогтоож, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокуроруудаас татгалзах хүсэлт гаргасан ч прокуророос түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байдаг. Тиймээс ч иргэн О.Отгонтуяа нь талийгаач охиных нь хэрэг дээр ажиллахдаа хариуцлага алдсан гэх хуулийн байгууллагын нэр бүхий алба хаагчдад хариуцлага тооцож, хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхийг дахин хүсч, хэргийн оролцогч байж болзошгүй ч хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн хэргийн газарт инээмсэглэн байгаа гэрэл зургийг дэлгэсэн. Энэ нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж, үнэхээр хуулийн байгууллага хэргийг шударгаар шийдэхгүй, хэргийн оролцогч нар хохирогч болж үлдэх юм биш биз гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн нь нууц биш. 

-ХОХИРОГЧООР ТОГТООГДСОН БАЙСАН Э.ГАН-ЭРДЭНИЙН ЭМЭЭ: МИНИЙ ХҮҮХДҮҮД ХҮН АЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХҮНИЙ ХАМРААС ЦУС ГАРГАЖ ҮЗЭЭГҮЙ-

Энэ үед буюу 2025 оны аравдугаар сарын 20-ны өдөр дээрх хэрэгт хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнийн эмээ гэх иргэн цахим сүлжээгээрээ дамжуулан "Миний хүүхдүүд хүн алах нь битгий хэл хүний хамраас цус гаргаж үзээгүй. Насанд хүрээгүй охид хүүхдүүд ийм хэргийн золиос болж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй, буруу хүмүүжилтэй шууд холбоотой гэж би бодож явдаг юм" хэмээн 16 настай хохирогч охины ээжид хандан мэдэгдэл хийсэн нь олны дургүйцлийг төрүүлж, эл хэргийг шударгаар шийдэх ёстой гэсэн иргэдийн давалгааг дахин нийгмийн сүлжээнд үүсгэсэн юм. 

-ХОХИРОГЧ ГЭГДЭЖ БАЙСАН Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ НАРЫГ ХҮН АМИНЫ ХЭРГИЙН ХАМЖИГЧ ХЭМЭЭН ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА-

Харин хуулийн байгууллагаас тухайн хэргийг дахин мөрдөн шалгах явцдаа тус хэрэгт хохирогчоор тогтоогдоод байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хүн амины хэрэгт хамжигчаар оролцсон байж болзошгүй хэмээн яллагдагчаар татан, энэ сарын 24-ний /2025.10.24/ өдрөөс эхлэн  нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”, Э.Нандин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч нар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргасан байна. Тэд яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр ийнхүү гомдол гаргасан аж. Харин тэдний гомдлыг хэлэлцэх шүүх хурал одоогоор товлогдоогүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө