Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг Тагнуулын байгууллагын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тодруулбал, ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэгт Монгол Улсын нэр бүхий гурван бүлэг этгээдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж байгаа аж.
Дээрх бүлэг этгээдүүд эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэний үйл ажиллагаагаар 17 аж ахуйн нэгжид өндөр цалингийн ажиллагсад мэтээр НДШ төлөлтийн хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын архив бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан уг хуурамч мэдээллийг цахим санд оруулан, арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагаас нийт 32.2 тэрбум төгрөгийн зээл авсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.