Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж, бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Улмаар 22:30 цагт Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан шийдвэрийг танилцуулсан бөгөөд Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзжээ. Тодруулбал, Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж УИХ-ын чуулганы 2025.10.17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан 95 дугаар тогтоол нь гурван агуулгаар зохих хуулиудыг зөрчсөн гэж үзлээ. Ингэхдээ, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулган даргалахдаа “Дэмжээгүй саналыг дэмжье” хэмээх саналын томъёоллоор санал хураасан нь Үндсэн хууль зөрчсөн, Ерөнхий сайдыг огцруулахдаа Байнгын хорооны саналаар санал хураасан УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.10.16-17-ны 2 өдрийн ирцийг нийлүүлэн 51%-аар ирц бүрдүүлж хуралдсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэжээ.
Ташрамд өгүүлэхэд, Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалан явуулав. Харин нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж нар оролцсон бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар оролцжээ. Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар хуралдаанд оролцохоор очсон ч тэд хуралдааныг орхин гарсан байдаг.