Ерөнхий сайд асан С.Батболдын өмгөөлөгч Т.Гантулга мэдэгдэл гаргажээ

Ерөнхий сайд асан С.Батболдын өмгөөлөгч Т.Гантулга мэдэгдэл гаргажээ

Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын өмгөөлөгч Т.Гантулга мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр, "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын нэр хүндэд халдсан, түүнийг эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэгт холбон гүтгэсэн байж боломгүй, худал мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдли йг гаргаж байна. 

Миний үйлчлүүлэгч С.Батболдыг “20 жилийн өмнө Малайз Улсад харамсалтайгаар амь насаа алдсан Монгол Улсын иргэний гэр бүлд очих нөхөн төлбөрийн мөнгийг хувьдаа авсан” гэх хүний ёсонд байж боломжгүй үйлдэлд буруутгасан худал мэдээлэл нь ор үндэсгүй гүтгэлэг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

2006 онд Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад бусдын гарт онц хэрцгийгээр үрэгдсэн харамсалтай хэрэг гарах үед С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаагүй бөгөөд монголын бүх иргэдийн адил эмгэнэлт явдалд гүнээ харамсан хүлээж авсан байдаг. 

Хожим нь 2008 онд С.Батболд Гадаад харилцааны сайдаар томилогдсоныхоо дараа уг хэрэгт онцгой анхаарал хандуулан, хэргийг хоёр орны харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүртэл хүчин чармайлт гарган ажилласан. Уг жигшүүрт хэргийг шийдвэрлэх үйл явцад ямар нэгэн улс төрийн нөлөө оруулахгүй байх, гэмт этгээдүүдэд хууль ёсны шийтгэлийг нь оногдуулахыг шаардсан захидлыг Малайзын Гадаад хэргийн сайд доктор Райс Ятим Дато Сери Утамд хүргүүлж, мөн ондоо багтаан Малайзын талаас албан ёсны хариу авч ажилласан. Малайзад явагдаж буй шүүх хурлын явцыг байнга ажиглаж, тус улсад Гадаад харилцааны яамнаас тусгай элч томилох ажлыг зохион байгуулж, мухардалд ороод байсан хэргийг мөрдөх, шүүх ажиллагааг дахин эхлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг гэрчлэх олон хүн, архивын материалууд бий.

Мөн Ерөнхий сайд асан С.Батболдыг Малайз Улсын хөрөнгө оруулалтын сангаас мөнгө авсан гэх мэдээлэл нь мөн л ор үндэсгүй гүтгэлэг юм. 2011 онд манай улсад хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байсан гэх гадны бизнесмэнүүдийн хоорондын яриа хэлцлийг энэ асуудалд ямарч холбоо хамааралгүй С.Батболдтой холбон гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр улиг болтол гүтгэсэн, ор үндэсгүй, хуучирсан гүтгэлэг юм. 

Монголд гүтгэлэг доромжлол нь үнэнд гүйцэгдэхээрээ гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөртэй, худал гүтгэлэг тараагаад түүнийгээ “иш татан” гүжирддэг технологи нь нийгэм улс төрийн хүрээнийхэнд хэдийн танил болсон, явуургүй, хулчгар үйлдэл юм.

С.Батболд нь бүхий л цаг хугацаанд шударга ёс ялж, жигшүүрт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүд зохих шийтгэлээ хүлээн С.Шаарийбуу гуай охиныхоо амь насны нөхөн төлбөрийг хууль ёсны дагуу авах ёстой гэсэн хөдөлшгүй байр суурьтай байсан.  

Миний үйлчлүүлэгч С.Батболд болон түүний өмгөөлөгчийн хувьд бид үрээ алдсан эцэг хүний сэтгэл, олон жилийн мятаршгүй тэмцэл, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэн С.Шаарийбуу гуайд ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй, түүний үзэл бодолд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийж байгаагүй, гаргахгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Харин энэхүү эмгэнэлт явдлыг өөрсдийн улс төрийн бусармаг үйлдэлдээ ашиглан гүтгэлэг тарааж буй хүн чанар, хүнлэг сэтгэлгүй, хүний ёсноос гажууд үйлдэл гаргагч этгээдүүдийг хууль, шүүхийн байгууллагад хандан шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгохоо мэдэгдэж байна.

Уг асуудалтай холбогдолтой архивын материалуудаас хавсаргав. Мэдэгдэл гаргасан: МУ-ын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболдын өмгөөлөгч Т.Гантулга" гэжээ.