"Багш нарын цалинг ирэх оны 1 дүгээр сараас 20 хувь, долдугаар сараас 10 хувиар нэмнэ" гэж мэдэгдлээ

"Багш нарын цалинг ирэх оны 1 дүгээр сараас 20 хувь, долдугаар сараас 10 хувиар нэмнэ" гэж мэдэгдлээ

Багш нарын үндсэн цалиндаа 3.5 сая болгон нэмэгдүүлэх шаардлага бүхий хугацаагүй ажил хаялт үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр /2025.10.21/ Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй уулзаж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өмнө нь Ерөнхий сайдтай хамт хоёр ч удаа та бүхэнтэй уулзалт зохион байгуулж байсан. Сүүлд хийсэн уулзалтаас хойш багш нар ажил хаялт руу шилжсэн. Төсөв нэгэнт өргөн баригдсаныг та бүхэн мэдэж байгаа. Их Хурал дээр хэлэлцүүлгүүд үргэлжлээд явж байна. Засгийн газрын хувьд нэгэнт өргөн баригдсан төсөв дээр өөрчлөлт оруулах шаардлагатай болж боломжит тооцооллуудыг хийж зохих хүмүүст нь болон байнгын хороодод нь томъёоллыг санал хэлбэрээр хүргэж өгөхөөр тооцоолж ажилласан. Та бүхний шаардлагыг удаа дараа бид бүхэн сонссон. Төрийн зүгээс шийдвэрлэх асуудлын хувьд төсөвт баригдаж байгаа талаар тайлбар өгсөн. Хэд хоногийн туршид бид бүхэн бүхий л боломжуудаа шавхаж 2026 оны ажлын нийт төлөвлөгөө, үүнд шаардагдах төсвийн хэмжээг хянаж энэ бүхнээс аль хэсгийг нь татах уу, алийг нь хойшлуулах уу, бүр алийг нь зогсоох уу гэж төсвийг ерөнхийлөн захирагч бүр дээр судалгаа хийсэн.

Ямартай ч бид тооцооллуудаа хийж үзээд нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нийтдээ 30 хувь цалинг нэмэгдүүлэх тооцооллыг гаргалаа. Энэ нь бусад бүх салбарууд дээр нөлөөлж төсөв, төрийн үйл ажиллагаа хязгаарлагдана гэсэн үг.

Төрийн албан хаагчдын цалингийн нийт понт нь 7.8 их наяд төгрөг байдаг. Хэрэв 3.5 сая төгрөг гэх дүн гарч ирэх юм бол 3.3 их наяд төгрөгөөр нэмэгдэх юм. Зөвхөн боловсролын салбарын цалингийн понт 6 их наяд төгрөг давах хэмжээнд хүрнэ. Цалин нэмэгдэхэд инфляц дагаад нэмэгдэнэ. Монголбанкны тооцооллоор 1 их наядаар нэмэгдэхэд доод тал нь 1-1.5 хувиар инфляц нэмэгдэх юм. Хэрэв шууд зардлаар нэмэгдвэл 2 хувиас ч илүү нэмэгдэнэ. Энэ удаа нэгэнт төсөв өргөн баригдсан учраас урсгалаас урсгал руу шилжүүлэхээр байна" гэлээ.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга З.Цогтгэрэл  "Бид нөхцөл байдлыг хүлээж авч байна. Гэхдээ бид бүхэн хамтын шийдвэр гаргадаг, хамтын байгууллага учраас шууд хүлээж авах боломжгүй юм. Хамтын хэлэлцээрийн хувьд цагаан дээр хараар бууж байж шийдвэрлэгдэх ёстой. Бид бүхний хувьд та бүхний санал болгож байгаа энэхүү шийдэлд санал нийлэхгүй байна. Яг одоо улсын хэмжээнд 558 байгууллага 30 мянган багш ажил хаялтад нэгдсэн байна. Үүнээс нийслэлийн хувьд сургууль 105, орон нутагтайгаа нийлбэл 185 байгууллага, сургуулийн өмнөх байгууллага 247, орон нутагтайгаа нийлбэл 365 байгууллага нэгдсэн. Асуудлыг шийдвэрлэе гэж байгаад сайшаалтай байгаа ч бидний хүсэж байгаа нийгмийн хүлээлтэд хүрэхгүй байгаад харамсалтай байна" гэв.