П.Наранбаяр: Багш нарыг хууль бус ажил хаялт руу турхирч байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцлага хүлээнэ шүү

П.Наранбаяр: Багш нарыг хууль бус ажил хаялт руу турхирч байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцлага хүлээнэ шүү

Багш нар улс орон даяар 2025.10.16 буюу ирэх пүрэв гарагаас ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хорооны тогтоол өнөөдөр ирлээ. Хөдөлмөрийн арбитрын тогтоол гарч, тодорхой хүмүүсийг томилсон байна. Гэтэл энэ үед багш нар ажил хаялт зарлах гээд байна. Хөдөлмөрийн арбитр ажиллаж байх үед ажил хаялт зарлах юм бол хөдөлмөрийн хуулиа зөрчиж байна гэсэн үг. Багш нарыг ийм хууль бус ажил хаялт руу турхирч байгаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хариуцлага хүлээнэ. Хүүхдийн аюулгүй байдал, хичээл хоцрогдлын асуудал зэрэг хурцаар тавигдана. Улс орон даяар ажил хаяна гэдэг өөрөө боловсролын үйл ажиллагаа шууд доголдсон хар толбо үлдээнэ. Бид цалинг нэмэх талаар Ерөнхий сайд, Сангийн яам, ГБХНХЯ зэрэг холбогдох байгууллагуудтай ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжид 100 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал энэ жилийн улсын төсвийн төсөлд суусан. Бүх багш нарын цалинг 25 хувиар нэмэхийн тулд 560 тэрбум төгрөг хэрэгтэй. 2026 оны улсын төсөвт бүх багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг шаардаж байна. Энэ нь 3.5 их наяд төгрөг улсын төсөвт суулгана гэсэн үг. Энэ бүх зүйлийг шууд шийдвэрлэх боломжгүй” гэлээ.