СУРВАЛЖИЛГА: Нисэх буудлын аюулгүйн зурваст ил, задгай худалдаа эрхэлж буй иргэдийн хоолны үлдэгдэлд шувуу цуглаж, онгоцтой мөргөлдөх эрсдэлтэй байна

СУРВАЛЖИЛГА: Нисэх буудлын аюулгүйн зурваст ил, задгай худалдаа эрхэлж буй иргэдийн хоолны үлдэгдэлд шувуу цуглаж, онгоцтой мөргөлдөх эрсдэлтэй байна

Дэлхий нийтэд тохиолдож буй онгоцны ослын ихэнх хувийг шувуутай мөргөлдсөн осол эзэлж байгаа. Тэгвэл энэ жишээ манайд ч гарсан байна. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах үедээ шувуутай мөргөлдсөн осол гарсан талаар бид мэдээлсэн.

Харин мэргэжилтнүүд нисэх буудлын ойр орчимд ил, задгай худалдаа эрхэлж буй иргэдийн хоолны үлдэгдэл дээр шувууд цугларснаас энэ эрсдэл үүсэж байна хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл бид энэ удаад нисэх зурвасын аюулгүйн тойрог буюу 8 км радиуст худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн талаар дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

-НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙН ЗУРВАСТ ХУУШУУР ЗАРЖ БУЙ ИРГЭДИЙН ҮЛДЭГДЭЛ ДЭЭР ОЛОН ШУВУУД ЦУГЛАЖЭЭ-

Нисэх зурвасын аюулгүйн тойргийг хоёр бүсэд хуваан авч үздэг. А бүс буюу хоёр км радиуст орон сууцны хороолол, ил задгай худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэр, шатахуун түгээх станц, хогийн цэг зэрэг байхыг хориглодог бол Б бүс буюу 8 км радиуст хүнсний үйлдвэр, шатахуун түгээх станц, шувуудад зориулсан амьтны хүрээлэн, сүм хийд, хогийн цэг, ил худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглодог. Энэ нь нэг талаар нисэх аюулгүй байдал нөгөө талаар онгоц хөөрөх буух үед аливаа зүйл дээр цугласан шувууд онгоц мөргөх эрсдэлтэй байдаг учраас хориглодог.

Гэтэл манайд энэ аюулгүйн тойргийн стандарт гэгч зүйл нэг хүчин зүйлээс болоод алдагдаж буй. Тэр нь хориглосон радиуст ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэд.

Тэгвэл биднийг Төв аймгийн Зуунмод хотоос 8 км явах зайд буюу нисэх буудлаас ердөө 6 км зайд очиход хэсэг иргэд машинтайгаа зогсоод хуушуур хийж зарж байх аж. Тэдний хоолны үлдэгдэл, үнэрээр шувууд ч эргэн тойронд нь цуглажээ. Бид тухайн иргэдээс худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, холбогдох албан байгууллагуудаас шаардлага тавьдаг эсэхийг тодруулахад, “Бидэнд мэргэжилтнүүд ямар нэгэн шаардлага тавьдаггүй. Нисэхийн аюлгүйн бүс гэж мэдэхгүй шүү дээ. Зөвшөөрөл байхгүй. Угаасаа Монголд болох зүйл гэж байдаггүй шүү дээ. Бид угаасаа одоо хоёр хоног гараад бууна. Энэ байршилд хүмүүс зогсоод байхаар нь л болох юм байна гэж бодоод хажууд нь ирээд зогсчихсон юм” гэх тайлбарыг өглөө.

-АЮУЛГҮЙН ЗУРВАСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ИРГЭДЭД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯМАР НЭГЭН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛДЭГГҮЙ-

Бид үргэлжлүүлэн энэ асуудалд хэрхэн хяналт тавьдаг талаар ИНЕГ-аас тодруулахад, “Чингис хаан олон улсын нисэх буудлынхан өөрсдөө аюулгүйн бүсээ хариуцдаг” гэсэн мэдээллийг өгсөн. Харин Чингис хаан олон улсын нисэх буудлын холбогдох ажилтнууд, “Уг бүсийг Төв аймгийн цагдаагийн газар хариуцдаг” гэсэн бол Төв аймгийн цагдаагийн газар, “Бидэнд энэ асуудалтай холбоотой гомдол одоогоор ирээгүй байна. Гомдол ирвэл бид шалгана. Мөн Төв аймагт энэ асуудлыг хянаж шалгаж байх ажлын хэсэг байгуулагдаж байгаа” гэлээ. Ийнхүү өмнө нь энэ асуудлыг хэн хянаж шалгадаг байсан нь тодорхойгүй, буух эзэнгүй буцах хаяггүй болж үлдэв.

Уг нь энэ бол маш ноцтой асуудал. Олон улсад ч шувуутай мөргөлдсөн онгоцны осол дийлэнх хувийг эзэлж байна.

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13 /2025.04.13/-ны өдөр АНУ-ын Юнайтед Эйрлайнс компанийн Боинг 737-800 онгоц Канад руу нисэхээр Дэнверийн Олон улсын нисэх буудлаас хөөрснийхөө дараа шувуутай мөргөлдөж, нэг хөдөлгүүр нь шатсаны улмаас ослын буулт хийсэн. Мөн 2024 оны арван хоёрдугаар сар /2024.12/-ны өдөр БНСУ-ын “Jeju Air” компанийн Boeing 737-800 онгоц шувуутай мөргөлдөж нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болж осолдсоны улмаас 181 зорчигч харамсалтайгаар амиа алдсан юм. 

Тэгвэл энэ эрсдэл манайд ч үүсэж байгаа бөгөөд энэ нь стандартыг зөрчиж худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдээс болж байж магадгүй. Иргэд ч нисэх зурвасын аюулгүйн радиус гэдэг зүйлээ мэдэхгүйгээс аливаа эрсдэл, аваар осол үүсэж болзошгүй байна. Иймд энэ асуудалд анхаарч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулах үүднээс бид энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө