УИХ-ын гишүүн Б.Тулгыг одоогоор хоёр жил гаруйн өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилж байсан билээ. Тухайн үед түүнийг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулах, улс төрийн туршлагатай нэгэн хэмээн уг албыг хариуцуулж байв.
Харин Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдсон Б.Тулга нь "Би өмнө нь төрийн ажил хийж байсан туршлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй үед боомтын асуудал нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болсон. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдаас өгсөн ажлыг хариуцлагатай хийнэ" гэдгээ мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Б.Тулга нь дээрх албан тушаалд очсоноосоо хойш төсвийн хөрөнгийг үр ашигүй зарцуулж, "тансаглах" байсан нь аудитын байгууллагын шалгалтаар илчлэгдсэн байна.
Тодруулбал, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, байгууллагын хэрэгцээ шаардлагаас давсан буюу "тансаг зэрэглэл"-ийн автомашинуудыг 2 тэрбум орчим төгрөгөөр худалдан авсан байжээ. Тодотговол, туулах чадвар сайтай нэг бүр нь 170 сая төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг автомашин, 135 сая төгрөгийн үнэтэй 2 ширхэг суудлын автомашин худалдан авахаар төсөвлөсөн байна. Харин худалдан авах ажиллагааны явцад хөрөнгө оруулалтын нэр төрөл, тоо хэмжээ, үнэ зэрэгт өөрчлөлт орж 834 сая төгрөгийн худалдан авалт хийсэн аж.
Гэтэл хөрөнгө оруулалтын зарцуулагдаагүй үлдэгдсэн 966 сая төгрөгийг төсвийн дансанд төвлөрүүлэлгүй төсөвт болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, байгууллагын үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагаас давсан Nissan Patrol Y62 маркийн 2 ширхэг автомашин, "Nissan Leaf" гэх хоёр ширхэг автомашин, "Hyundai Elentra" нэг ширхгийг 963 сая төгрөгөөр худалдан авч, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байна.
Мөн Төсвийн тухай хууль зөрчиж, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын 2024 онд баталсан Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд урсгал төсвөөс 260 сая төгрөгийн компьютер, техник хэрэгслийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулахаар төлөвлөсөн боловч гүйцэтгэлээр худалдан авалтын төсөвт өртгийг хувааж шууд худалдан авалтаар багаж, техник, хэрэгслийн зардлаас 262.3 сая төгрөгийн хөрөнгө бэлтгэсэн байжээ.
Түүнчлэн 607.3 сая төгрөгийг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй, "Гэрээний төлбөр" гэсэн агуулгаар зарцуулсан, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 8 тэрбум 963 сая төгрөгийн 38 төрлийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахаар төлөвлөсөн боловч 6 тэрбум 683 сая төгрөгийн 9 арга хэмжээний гүйцэтгэлийг тайлагнаж, үлдсэн 2 тэрбум 280 сая төгрөгийн 27 ажлын гүйцэтгэлийг тайлагнаагүй юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна. Тиймээс ч Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон Хилийн боомтын захиргаанд албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.