“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан оюутнууд тэтгэлгийн батламжаа 2025 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гардан авлаа.
ВИДЕО:
“Оюу толгой” компани нийт 1,263 оюутан залууст дотоодын болон гадаадын их дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байгаа юм. Энэ хичээлийн жил “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг”-т 133 оюутан хамрагдаж байгаагаас 66 оюутан шинээр шалгарсан бол 67 оюутан сурлагын амжилтаа хадгалснаар гэрээгээ сунгуулсан байна. Мөн тус тэтгэлэг олгосон өнгөрсөн 10 жилийн хугацаанд давтагдсан тоогоор 600 гаруй оюутанд тэтгэлэг олгосон юм.
2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү тэтгэлэг нь эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, мэдээллийн технологи, барилга, уул уурхайн инженерчлэл, хөдөө аж ахуй, нийгмийн салбар зэрэг орон нутагт нэн хэрэгцээтэй мэргэжлээр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод суралцаж буй оюутнуудад 2 тэрбум гаруй төгрөгийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэгийг олгосон нь тэдний сурлагын амжилтад бодит дэмжлэг үзүүлж, гэр бүлд нь санхүүгийн чухал түшиг болж ирсэн. Түүнчлэн тус хөтөлбөрт хамрагдан төгссөн оюутнуудын 85 хувь нь орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, Өмнөговь аймгийн хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж байна.