Энэ долоо хоногийн Пүрэв гараг /2025.10.02/-т Баянхонгор аймгийн нисэх буудлын зурваст хэт хөнгөн онгоц унаж осолдсон талаар мэдээлэл цацагдсан. Иймд манай редакц энэхүү ослын талаар олон талын эх сурвалжуудаас тодруулж дараах мэдээллийг бэлтгэлээ.
Тодруулбал, пүрэв гараг /2025.10.02/-ийн өглөөний 09:00 цагийн орчимд хоёр иргэн Sportstar EVSS загварын онгоцоор сургалтын нислэг хийхээр Улаанбаатар хотоос хөөрсөн байна. Ингээд 13:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн нисэх зурваст эхний буултаа хийх гээд чадалгүй буцаж хөөрсөн байна. Улмаар хоёр дахь буултаа хийх үедээ хүчтэй салхинд цохиулж хөмөрсөн ажээ. Харин Sportstar EVSS загварын онгоцонд зорчиж явсан хоёр иргэний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.
Өчигдөр /2025.10.03/-ийн байдлаар Баянхонгор суманд онгоц унасан газрыг хамгаалалтад авч, онгоцыг хараахан зөөвөрлөөгүй байсан юм.
Мөн онгоц осолдсон байдлын гэрэл зургаас харахад, Sportstar EVSS загварын агаарын хөлгийн их бие, урд талын сэнс бүхэлдээ эвдэрч, салхины шил нь хагарч, сүүл хэсэг нь дундуураа хугарсан байгаа юм. Энэ бүхнээс харахад онгоц нэлээдгүй хүчтэй унасан байж магадгүй байна.

Энэ төрлийн загварын онгоцоор ихэвчлэн хувийн нисгэгч бэлтгэх сургалт зохион байгуулдаг бөгөөд одоогийн байдлаар Монголд Sportstar EVSS загварын хэт хөнгөн онгоц нэг ширхэг л байгаа юм.
Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд энэхүү Sportstar EVSS загварын хэт хөнгөн уг онгоцыг Ж.Наранбаатар гэх иргэн эзэмшиж, өмчилдөг бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 31 /2025.03.31/-ний өдөр Монгол Улсад бүртгүүлж, албан ёсны гэрчилгээгээ аваад байжээ.
Түүнчлэн өмнө нь уг онгоцоор Булган, Хөвсгөл зэрэг хэд хэдэн аймагт сургалтын нислэг хийж аюулгүй газардаж байсан байна. Тэгвэл одоогоор Баянхонгор аймгийн иргэний нисэхийн газар уг ослын шалтгааныг шалгаж байгаа аж. Сонирхуулахад, Sportstar EVSS загварын онгоцны хоосон жин 308 кг, хөөрөх жин нь 600 кг байдаг байна. Харин үр ашигтай нисэж чадах хамгийн өндөр цэг нь 4720 метр байдаг ажээ.




