Б.Батцэцэг: УИХ-ын дарга нэр холбогдсон асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулаад карьераа үргэлжлүүлэх хэрэгтэй

Б.Батцэцэг: УИХ-ын дарга нэр холбогдсон асуудлаараа хуулийн байгууллагад шалгуулаад карьераа үргэлжлүүлэх хэрэгтэй

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр"Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд засгийн газрын гишүүний хувьд болон хангай бүсээс сонгогдсон гишүүний хувьд их харамсаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай олон жил нэг намд зүтгэсэн, багаас нь мэднэ. УИХ-ын дарга гэдэг Монголын бүх дарга нарыг удирдаж байгаа хариуцлагатай албан тушаал. Өөрийнхөө үг, үйлдэл, үйл ажиллагаагаараа үлгэрлэж байх ёстой. Залуу хүнийх нь хувьд дэмжиж УИХ-ын даргаар ажиллуулж байгаа. Өнөөдөр нэгэнт нүүрсний хулгайд хардагдаж, авлига албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байгаагийнх нь хувьд ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулаад, нэр төртэйгөөр улс төрийнхөө карьерыг үргэлжлүүлэх боломжтой гэж бодож байна.  Өнөөдрийн улс төрчдөд манлайлал үзүүлээд ажлаа өгөөд шалгуулаачээ гэдгийг хүсэж байна.

Намайг хов зөөдөг гэж ховын журмаар ярихыг нь би ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдаж байгааг ч ойлгоогүй. Би хувьдаа зарчимтай байхыг хичээж ажилладаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал, гадаад бодлогод харш зүйлд маш хянамгай ханддаг. Олон талд харилцаанд зарчимтай байхыг хичээдэг. Төрийн тэргүүнтэй миний ажлын 50 хувь нь холбогддог. Учир нь улсаа төлөөлж төрийн тэргүүн олон арга хэмжээнд оролцдог. Иймд ажил үүргийнхээ хувьд хамтран ажилладаг. Хов ярьсан зүйл надад огтоос байхгүй. Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа учир хүчингүй гэж харж байгаа. Б.Баярбаатарыг ч гэсэн ухаараасай гэж бодож байна. Найз нөхдийн холбоо бус хуульд дүрэм журамд захирагдаж, дүрмээрээ ажиллаасай. Улс орны ажил тасралтгүй явж байх ёстой. Гэтэл өнөөдөр яагаад чуулган хуралдахгүй байгааг мэдэхгүй байна. Дүрэм, хуульдаа захирагдаад явбал шийдэл нь маш амархан шүү дээ" гэв.