Засгийн газрын 77-р тогтоол энэ сарын 01 /2025.10.01/-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр уул уурхайн бүтээгдэхүүн (нүүрс, зэс, төмөр гэх мэт) болон шатахуун тээвэрлэж яваа том оврын машинууд улсын болон олон улсын чанартай замаар зорчихдоо төлбөр хураах цэг дээр бүртгүүлэх бүрт 150 мянган төгрөг төлөхөөр болж байгаа юм.
Харин энэхүү Засгийн газрын 77 тогтоолыг зарим нэр бүхий иргэд эсэргүүцэж эхлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Б.Цэгмид нарын иргэд Саппорогийн уулзварын орчимд эсэргүүцлээ илэрхийлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний зохицуулалт хийж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зохицуулалт хийж байсан Тээврийн цагдаагийн албаны алба хаагчийн биед халдах зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан байдаг. Тэгвэл үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр цагдаагийн алба хаагчийн биед халдаж, хууль ёсны шаардлагыг нь биелүүлээгүй Б.Цэгмид нарын хүмүүсийг Зөрчлийн хэргээр шалгаж эхэлсэн байна.