СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээр эгнээ, явган хүний зам дээр автомашинаа тавих зөрчил нэмэгдэж, өдөрт дунджаар мянга гаруй жолооч торгуулж байна

СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээр эгнээ, явган хүний зам дээр автомашинаа тавих зөрчил нэмэгдэж, өдөрт дунджаар мянга гаруй жолооч торгуулж байна

Зогсоол олдохгүй байна гэх тайлбартайгаар автомашины нэгдүгээр эгнээ, явган хүний замыг автомашины зогсоол болгоод орхидог жолооч нарын амин хувиа бодсон үйлдэл түгжрэлийн нэг шалтгаан болж байна. Тэр дундаа хичээл, сургууль эхэлж замын ачаалал нэмэгдсэн энэ үед дээрх үйлдэл нэмэгджээ. Эдгээр зөрчилд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 35 дах заалтаар 20 нэгжээр торгох арга хэмжээ авдаг байна.

ВИДЕО:

Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Барилгачдын талбайг зорилоо. Биднийг тус хэсэгт очих үед тус хэсгийн авто замын нэгдүгээр эгнээг бүрэн автомашины зогсоол болгосон дараалсан 20 орчим автомашин байсан юм. Харин тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хоёр алба хаагч ажиллаж, жолооч тус бүр лүү залгаж автозамын нэгдүгээр эгнээг чөлөөлж байсан юм. Энэ зөрчлийг арилгах, түгжрэл үүсгэхгүй гэж өдөрт 600 алба хаагч ажилладаг. Шаардлага тавьсан алба хаагчдад уурлаж, нийгмийн стрессээ гаргадаг байдал ч ажиглагдаж байсан юм.

Жолооч нарын төлөөлөл “Хүнд яаралтай юм оруулж өгөх хэрэгтэй байлаа. Нэгдүгээр эгнээнд автомашин тавьж болохгүй гэдгийг мэднэ. Тэмдэг, тэмдэглэгээг ч харсан түгжрэл үүсгэсэн гэдгээ ч ойлгож байгаа. Гэхдээ нийслэлд зогсоол олддоггүй шүү дээ” гэх тайлбарыг нийтлэг хэлж байсан юм. Мөн нөгөө талд бие өвдөөд зогссон, удаагүй шүү дээ хэмээн бухимдах тал ч бий. Харин цагдаагийн алба хаагч нарыг хараад тэр чигтэй зугтаж одох хүмүүс ч байсан юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэгийн орчим нэгдүгээр эгнээнд түр зогсолт хийх, явган хүний зам дээр автомашинаа тавиад орхидог зөрчил нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд өдөрт 800 орчим жолооч энэ зөрчлөөр торгуулж байна. Мөн Цагдаагийн байгууллагын 102 police аппликейшнаар дээрх зөрчлүүдээр 200 гаруй иргэнд арга хэмжээ тооцуулдаг. Ингэснээр өдөрт мянга гаруй иргэн торгуулдаг гэсэн үг.

Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийтийн эзэмшлийн зам талбайд ослын зогсолтын гэрлээ асаагаад түр зогсоно гэсэн ойлголт байхгүй. Энэ гэрэл бол зайлшгүй зогсолт хийсэн, зам тээврийн осолд холбогдсон үед ашигладаг. Гэтэл иргэд ослын зогсолтын гэрлээ асаасан л бол хаана ч хамаагүй зогсоод байна. Энэ үйлдэл нь бусад хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт саад болоод байна гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Цагдаагийн байгууллага нийтийн эзэмшлийн зам талбайд эл зөрчлийг арилгахаар ажилладаг. Хичээл, сургууль эхэлсэн энэ үед дээрх зөрчлүүд нийтлэг бүртгэгдэж байгаа. Эдгээр зөрчлийг арилгачих юм бол нийслэлийн хэмжээнд зохиомол түгжрэл үүсэхгүй” гэлээ.

Мэдээж, хэн бүхэн түгжрэлтэй нийслэлд аль болох хурдан ажлаа амжуулахыг хүснэ. Бүгд л өөр өөрийн гэсэн ажил, амьдралтай. Харин таны үйлдэл өөр бусдад төвөг болохгүй байх нь суурин иргэншилтэй хотын бичигдээгүй дүрэм билээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө