БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дээрх гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Тэгэхээр БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.
Эргэн сануулахад прокуророос БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах: өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Харин анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.02/ хэлэлцээд хэргийг прокурорт буцаахдаа "Гэмт хэргийн оролцоог ялгах ёстой. Прокуророос хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй. Хэргийн газраас хураагдсан 8 ширхэг сумыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл мөн эсэхийг бүрэн тодорхойлоогүй учир шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай" хэмээн үзсэн байдаг.
Гэсэн прокуророос тус хэрэгт эсэргүүцэл бичиж, энэ дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэлэлцээд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан юм.