Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэлжээ

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэлжээ

БШУЯ-ны тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн AS, A, IB, TOEFL iBT, PTE, IELTS, SAT шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд элсүүлэх шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ.

Цахим хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна. Оюутан, суралцагчид олон улсын шалгалтын дүнгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхийн тулд тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс хамгийн багадаа 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад хандах юм.

Тухайлбал,

  1. “Элсэлтийн шалгалт” цэсээс “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” сонголтыг хийнэ.
  2. ЭЕШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч, шаардлагатай мэдээлэл болон материалыг оруулна.

Бүрдүүлэх материал: 

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Олон улсын шалгалтын сертификат эсвэл дүнгийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /гадаадад төгссөн бол дүйцүүлсэн баримт/

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.