“Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын хэргийг сэргээн шалгаж магадгүй

“Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа учир битүүлгээр амиа алдсан БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын хэргийг сэргээн шалгаж магадгүй

"Тавантолгой"-н ордод үйл ажиллагаа явуулдаг Бортээгийн уурхайн ашиглах эрхийг эзэмшдэг “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Н.Хасбаатар нь өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны /2025.02.12/ өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайн кемп дээрээ учир битүүлгээр нас барсан хэрэг гарсан билээ. 

Энэ талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтэс авч, улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тухайн иргэн нь "Эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан болох нь тогтоогдсон хэмээн үзэж, хэргийг хаасан байдаг. 

Тэгвэл “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНХАУ-ын иргэн Н.Хасбаатарын учир битүүлгээр гэнэт нас барсан хэргийг хуулийн байгууллагаас сэргээн шалгаж магадгүй байна. Учир нь Хууль зүйн сайдаар томилогдоод буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орох үеэрээ "Админерал ХХК-ийн гүйцэтгэх захирал нь БНХАУ-ын иргэн Н.Хасбаатар гэдэг хүн байсан. Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд нар Н.Хасбаатартай холбоогүй гэж ярьдаг. Энэ ямар учиртай хүн юм бэ гэхээр. 30 сая долларын авлигын баримтыг би "Нүүрсний сонсгол"-оор ил гаргаж ярьсан.

Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжав, Ц.Чулуунзагдын эхнэр, "Админерал" ХХК-ийн санхүүгийн  дарга нар 30 сая долларыг бэлнээр хүлээж авсан. Энэ бол хятадуудаас бэлнээр авсан хээл хахуулийн мөнгө.

Хятад хүн айхтар. 30 сая доллар буюу 100 тэрбумын төгрөгийн авлигын мөнгө өгснөө баримтжуулж, гарын үсэг зуруулж авсан байдаг. Тэр баримт дээр Чулуунзагдын төрсөн ах Ц.Лхамжав болон түүний эхнэр нарын гарын үсэг бий. Н.Хасбаатар энэ авлигын хэргийн гол амьд гэрч байсан. Тэр хүн амьд байхдаа Нүүрсний сонсголд ороход бэлэн гэж байсан. Орсон бол хэлэх байсан. Гэтэл үхсэнийх нь дараа би холбоогүй гэж гарч ирж ярьсан. Тэр ч байтугай Н.Хасбаатарыг нас барснаас 6 хоногийн дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Админерал" ХХК-ийн уурхай дээр очоод "Энэ компанитай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар ч холбоогүй би шалгаад нотоллоо" гээд яриад түүнийгээ битүү сурталчилсан. Хэргийн амьд гэрчийг бүтэн жил байхад яагаад хуулийнхан ажлаа хийгээгүй юм бэ. Би бол энэ хүнийг алсан гэж боддог. Би одоо бас айж байна. Өөрийнхөө амь насанд санаа зовж байна" хэмээн ярьсан байдаг. Үүнээс үзвэл "Нүүрсний хулгай"-тай тэмцэхийн тулд Ерөнхий сайдын томилсон Б.Энхбаяр сайд уг хэргийг сэргээн шалгах чиглэл өгч магадгүй юм.




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө