Б.Дэлгэрмаа: Шар сүүгээр биопластик гаргах технологийг нээсэн ч тоног төхөөрөмж, санхүүжилтгүйн улмаас цааш хөгжүүлэх боломжгүй болоод байна

Б.Дэлгэрмаа: Шар сүүгээр биопластик гаргах технологийг нээсэн ч тоног төхөөрөмж, санхүүжилтгүйн улмаас цааш хөгжүүлэх боломжгүй болоод байна

Уламжлалт хуванцрыг нефть, хий, нүүрснээс ихэвчлэн гаргаж авдаг. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэр их сөрөг нөлөө үзүүлдэг тухай бид сайн мэднэ. Байгальд 200 орчим жилийн хугацаанд задардаг хуванцраа хэрхэх вэ гэдэг асуудал зөвхөн манай улс бус дэлхий нийтийн асуудал болоод буй. Тэгвэл хуванцрыг уламжлалт малын шар сүүнээс гаргаж авах боломжтойг судалж, технологио боловсруулсан оюутнуудын төлөөлөлтэй ярилцлаа. Шар сүүнээс гаргаж авсан биопласик нь байгальд хурдан задрахаас гадна хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.

ВИДЕО:

-МАНАЙ УЛСАД ЖИЛД 60 САЯ ЛИТР ШАР СҮҮ ХАЯГДАЛ БОЛЖ 20 МЯНГАН ГА ТАЛБАЙД ЦӨЛЖИЛТ ҮҮСГЭДЭГ-

-Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Б.Дэлгэрмаа гэдэг. Би СЭЗИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан. Маркетингийн чиглэлээр суралцдаг оюутан байна.

-Танай баг хэдэн гишүүнтэй вэ. Шар сүүнээс биопластик гаргах боломжтойг хэрхэн анх мэдэв?

-Манай баг М.Чингүүн, О.Ганзаяа, Б.Ундармаа, н.Цэнд-Аюуш болон миний бие гээд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд СЭЗИС-ийн оюутнууд. Хамгийн анх олдоц их учир нэгжийн өртөг бага, байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй шар сүүгээр бүтээгдэхүүн хийе гэсэн санааг манай багийн М.Чингүүн гаргасан. Тэгвэл шар сүүгээр юу хийж болох вэ гэдэг санааг бодож, судалж эхэлсэн. Улмаар Чикагогийн их сургуулийн нэг эрдэмтэн шар сүүгээр биопластик хийх боломжтой талаар судалгаа хийсэн байгааг олж харсан. Гэхдээ Америкийн тэр эрдэмтний судалгаа туршилт хийгээгүй байсан. Энэ нь Монголд хийх боломжтой санаачлага гэж бодсон. Анхны санаачлагийг би гаргасан юм. Ингээд багаараа судалгаа хийж эхэлсэн.

-ХУВАНЦАР БАЙГАЛЬД 100-200 ЖИЛИЙН ДАРАА ЗАДАРДАГ БОЛ МАНАЙ БИОПЛАСТИК 30-90ХОНОГТ БҮРЭН ЗАДАРНА-

-Шинэ зүйлийг турших, технологио гаргаж авна гэдэг судалгаа их шаардсан уу?

-Хамгийн анх энэ санаачилга болон судалгаагаа хийхэд хоёр сарын хугацаа зарцуулсан. Зах зээлээ судлах, боломж, сул тал, тоног төхөөрөмж гээд судалгаанд их цаг хугацаа зарцуулсан. Харин бүтээгдэхүүн хийх туршилт, технологио боловсруулахад долоо хоног л шаардсан. Энэ бол тоног төхөөрөмж лабораторигүй байгаагаас шалтгаалсан асуудал. Хатаах хугацаа нь л бараг 7 хоног болсон.

-Яагаад заавал шар сүүг сонгож авсан бэ. Гол түүхий эд шар сүүний олдоц ямар байх бол?

Мэдээж шар сүү хүний биед үзүүлэх олон эерэг нөлөө үзүүлдэг. Монголчууд хүүхдээ шар сүүнд усанд оруулж дархлааг нь дэмждэг шүү дээ. Гэтэл нөгөө талд сөрөг нөлөө ч байдаг. Шар сүү нь өөрөө хэт шүлтлэг учир цөлжилт үүсгэдэг. Азийн хөгжлийн банкны 2024 оны судалгаагаар манай улсад жилд 60 сая литр шар сүү хаягдал болдог бөгөөд 20 мянган га талбайд цөлжилт үүсгэдэг болох нь батлагдсан. Тэгвэл тэр шар сүүг л ашиглаад биопластик болгочихвол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болох юм.

-Шар сүүнээс бусад орцны хувьд. Олдоц гайгүй түүхий эдүүд бий юу?

-Шар сүүг шүүж уургийг нь ялгаж авна гэсэн үг. Тэгээд байгалийн латекс, нунтаг өндөгний цагаан, ус зэрэг энгийн орцтойгоор хийдэг. 

-Та бүхний гаргаж авсан биопластик байгальд хэд хоногт задрах вэ?

-Бидний импортоор авдаг уламжлалт пластик байгальд 100-200 жилийн хугацаанд байгальд бүрэн задардаг. Нефтийн химийн бодисоор хийдэг учир хүлэмжийн хий нэмэгдүүлэх гээд олон сөрөг нөлөөтэй. Хүний биед ч үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй. Хуванцар болон гялгар уут гэдэг дэлхий нийтийн асуудал болоод байна шүү дээ. Харин шар сүүгээр хийсэн биопластик бол 30-90 хоногт байгальд бүрэн задрах боломжтой. Цаашлаад хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй.

-БИД УДАХГҮЙ ОЮУНЫ ӨМЧИЙН ПАТЕНТАА АВНА-

-Туршилт хийх тоног төхөөрөмж, лабораторио хэрхэн зохицуулсан бэ?

-Лабораторийн хувьд хүндрэлтэй байсан. Монголд тэр бүр тоног төхөөрөмж байхгүй. Тийм ч учир бид МУИС-ийн багш болон оюутан найз нөхдөөсөө тусламж хүссэн. МУИС-ийн лабораторид цөөн хэдэн төхөөрөмж байсан. Боломжтой сул цагтай өдрүүдэд нь туршилтаа хийж бүтээгдэхүүнээ гаргаж авсан.

-Манай шар сүүгээр чихэр ундаа зэргээ үйлдвэрлэдэг болсон. Тэгвэл хуванцар хийх боломжтой талаар судалгаа хийсэн өөр хүн бий юу?

-МУИС-ийн нэг профессор шар сүүгээр ямар, ямар бүтээгдэхүүн хийх боломжтой вэ гэдэг судалгаа хийсэн байсан. Гэхдээ яг пластикийг орлуулах боломжтой талаар тэр судалгаандаа дурдаагүй. Тэгэхээр манай улсад болон дэлхийд шар сүүг боловсруулаад биопластик хийх аргачлал, технологийг боловсруулсан анхных гэж ойлгож болно.

-Тэгвэл оюуны өмчийн патент авах боломжтой юм байна. Тэр талаар бодол бий юу?

-Бид оюуны өмчийн патентаа авах гэж судалж үзсэн. Оюутнууд учир тэр бүрийг хөөцөлдөөд байх цаг зав хомс байна. Мөн материал, бичиг цаас гээд ажил их санагдсан. Яваандаа ямар ч байсан оюуны өмчийн патентаа авна гэсэн зорилготой байгаа.

-60 САЯ ЛИТР ШАР СҮҮГЭЭР БИОПЛАСТИК ХИЙХЭД ИМПОРТЫН ТАВАН ХУВИЙГ ОРЛОХ БОЛОМЖТОЙ-

-Түүхийн эд гэхэд энгийн хямд учир нэгжийн өртөг бага байх болов уу. Тооцолол хийж үзэв үү?

-Гол түүхий эд шар сүү нь хагядал болдог. Иймд нэгжийн өртөг бага болно гэсэн үг. Мөн орц энгийн шүү дээ. Гол нь тоног төхөөрөмж байгаа юм. Массаар үйлдвэрлэвэл нэгжийн өртөг маш бага. Бидний хийж үзсэн хэдэн ширхэг зүйлд нэгжийн үнэ 80 төгрөг орчим болж байсан. Бид жилд хаягдал болж буй 60 сая литр шар сүүг ашиглаад биопластик хийвэл нийт импортын 5 хувийг дотооддоо орлуулах боломжтой болно гэх тооцоолол хийсэн. Гэхдээ бидний гол чиглэл бол нэг удаагийн халбага сэрээ, аяга. Бид өдөр тутамдаа импортын сөрөг нөлөө ихтэй пластикийг маш их хэмжээгээр хэрэглэж байна. Үүнийг ядаж дотооддоо байгаль орчин болон хүний биед сөрөг нөлөөгүй шар сүүгээрээ хийчихвэл гоё шүү дээ.

-Та бүхнийг гэр бүл, багш нар гээд хэр их дэмжиж байна вэ?

-Оюутан, залуус гэдэг утгаар нь биднийг хүмүүс тэр бүр тоодоггүй. Залуус ийм санаачилга гаргаж байдаг л гэсэн хандлагатайгаар ханддаг. Гэр бүлийнхэн маань хүртэл ямар том санаачилга вэ л гэдэг.

-Хуванцар бол дэлхий нийтийн асуудал шүү дээ. Дэлхийн улс орнуудад өөр юугаар хийдэг бол?

-Дэлхий дахинд биопластикийн сонирхолтой туршилтууд байдаг юм билээ. Эрдэнэшишийг хүртэл ашиглаад биопластик хийсэн улс байсан. Уламжлалт хуванцараа яах вэ гэдэг дэлхий нийтийн асуудал болчихоод байна. Дэлхий нийт гялгар уут, хувцанцараа хэрхэх вэ гэдэг асуудал толгойны өвчин болоод байна. Нэг үеэ бодвол хүн бүр хуванцар, гялгар уут сөрөг нөлөө ихтэй гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ түүнийг орлуулах зүйл нь хэрэгтэй шүү дээ. Бид ядаж өдөр тутамд хэрэглэж байгаа нэг удаагийн халбага, сэрээ, хоолны саваа л шар сүүгээрээ хийдэг больё гэсэн зорилготой байна.

-Цаашид хэрхэх бодолтой байна. Энэ төслөө, санаачилгаа яаж хөгжүүлэх бодолтой байгаа вэ?

-Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес нээх зорилготой байгаа. Тийм учир дэлхийн хэмжээний шинэ санаачилгыг дэмждэг тэмцээн уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Санхүүжилт нь бас арай их байх болов уу гэж бодож байна. Бидэнд шаардлагатай хамгийн чухал зүйл бол тоног төхөөрөмж. Гэтэл тоног төхөөрөмж нь үнэтэй юм билээ. Бидэнд анхны санхүүжилт гэхэд 500 сая төгрөг хэрэгтэй юм байна гэсэн тооцооллыг бид гаргасан.

-Ярилцсанд баярлалаа.