Ерөнхий боловсролын 42-р сургуулийн англи хэлний багш П.Н нь төгсөх 12-р ангиас авах Англи хэлний шалгалтын комисс-т томилогдон шалгалтад хамрагдсан 91 сурагчийн материалыг засахдаа 12-р ангиа төгслөө, дүн муу байж болохгүй гэх шаардлагыг бусад комиссын багш нартаа уриалж, сурагчдын оноог бодитой бус дүгнэсэн буюу зарим сурагчийн оноог багасгасан, зарим сурагчийн оноог ихэсгэсэн үйлдэл гаргажээ.
Сургуулийн захиргаа англи хэлний багш П.Н-н тус үйлдлийг багшийн ёс зүйд нийцэхгүй гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т зааснаар мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас нь 2024 оны 06 сард чөлөөлжээ.
П.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрвээ ёс зүйн талаар зөрчил гаргасан бол Боловсролын тухай хуульд заасны дагуу төрийн бус байгууллага шалган тогтоох ёстой, энэ талаар дүгнэлт гаргаагүй, ур чадварын талаар ажилдаа тэнцэхгүй байгаа бол энэ талаар зохих байгууллага мөн дүгнэлт гаргах ёстой ийм дүгнэлт гараагүй гэж маргаж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 26,4 сая төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх: П.Н-н зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан тус зөрчлийн талаар хангалттай нотлоогүй, тогтоогоогүй атлаа П.Н-г ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т буюу ур чадвар нь тэнцэхгүй мөн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлийг тушаалдаа хууль зүйн үндэслэл болгосон боловч тус үйлдэл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний зохих заалттай авцалдахгүй, уялдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: 2 шатны шүүх ижил дүгнэлт гаргасан боловч хуулийг агуулгаар нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй нотлогдоогүй байна гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслээгүй үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэх дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.