БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ

БНХАУ-ын иргэнийг "Хөшигийн хөндий"-д буудаж хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд Улсын Дээд шүүхэд гомдол гаргажээ

БНХАУ-ын иргэд, Монгол Улсын иргэдтэй бүлэглэн өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 04-05-нд шилжих шөнө "Хөшигийн хөндий" нисэх буудлын орчимд нэгнээ буудаж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ. 

Улмаар тухайн хэрэгт БНХАУ-ын хоёр иргэн, Монгол Улсын хоёр иргэнийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

 Ингэхдээ прокуророос БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах: өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. 

Харин анхан шатны шүүх тус хэргийг өнгөрсөн зургаадугаар сард /2025.06.02/ хэлэлцээд хэргийг прокурорт буцаахдаа "Гэмт хэргийн оролцоог ялгах ёстой. Прокуророос хэд хэдэн яллагдагчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоон тодорхойлоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлоогүй. Хэргийн газраас хураагдсан 8 ширхэг сумыг байлдааны зориулалттай галт хэрэгсэл мөн эсэхийг бүрэн тодорхойлоогүй учир шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай" хэмээн үзсэн байдаг.

Гэсэн прокуророос тус хэрэгт эсэргүүцэл бичиж, энэ дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэлэлцээд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан юм. 

Тэгвэл яллагдагч  А.Даянтөмөрийн өмгөөлөгч О.Анхбаяр, яллагдагч Лиү Бөүвин (Liu Bowen), түүний өмгөөлөгч Л.Баттогтох, яллагдагч А.Тэнгисийн өмгөөлөгч О.Мөнхболд нар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна.

Харин тухайн яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, дээрх хүн амины ноцтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй яллагдагч А.Даянтөмөр, А.Тэнгис нар нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах болон яллагдагч БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, яллагдагч А.Даянтөмөрийг яллагдагч А.Тэнгистэй, яллагдагч А.Тэнгисийг яллагдагч А.Даянтөмөртэй, мөн хохирогч хятадын иргэн З.Л нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа юм байна. Харин БНХАУ-ын иргэн яллагдагч Лиү Бөүвин, Шүй Ханмин нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа юм. 

 

 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө