"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ.
Шүүхээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож шийдвэрлэсэн байдаг. Харин А.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл А.Ганхуяг нарт холбогдох "Ногоон автобусны хэрэг"-ийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх ирэх лхагва гарагт буюу аравдугаар сарын 02-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Ташрамд өгүүлэхэд анхан шатны шүүх хурлын үеэр "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг "Монголын ард түмэн -Ногоон автобус"-ны хэргийг үнэн мөнийг энэ сар гаруйн хугацаанд ойлгож, харсан гэж бодож байна. Миний хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээхэд бэлэн байна. Шүүхээс гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандах болно. Би нэг л зүйлд маш гомдолтой байна. Монгол хүний хийсэн бүтээсэн бүхэн юу ч биш болжээ. Гэтэл Солонгос улсад энэ мөнгө нь шилжээд очсон байхад энэ хүмүүст өнөөдөр ингээд доромжлуулаад сууж байгаадаа гомдолтой байна.
Би ямар дайсан болоод яагаад прокуроруудын үзэн ядалтад орчихвоо гэдэгт гайхаад сууж байна. Энэ олон төрийн алба хаагчийн хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна. Би улсаа хохиролгүй болгоод дараа нь энэ Солонгосчуудаас мөнгөө олж авна гэж бодож байсан. Гэтэл чадахгүйн байна. Тэд анх цагаадна гэж байсан. Яг л тэр үгээрээ цагаадаж байгааг гайхаж байна. Миний хувьд улсаа хохиролгүй болгож, төлбөрөө төлсөн атал прокурорууд үүнийг авч хэлэлцсэнгүй. Тэд шударга хандсангүй. Харин шүүгч нар үүнийг анхаарч үзнэ гэж найдаж байна" хэмээн хэлж байсан юм.