АТГ-аас энэ сарын 10 /2025.09.10/-ны өдөр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, улмаар түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
АТГ-ын мэдээлж буйгаар түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, арилжааны гэрээг хууль бусаар байгуулсан, хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад “Админерал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нас барсан, БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын ар гэрээс гомдол гаргасны дагуу АТГ-аас Ц.Чулуунзагдын хамаарал бүхий газруудад нэгжлэг хийхэд БНХАУ-ын иргэн Х.Хасбаатарын гарын үсэгтэй дардас олдсон бөгөөд уг дардсыг Хятадын иргэн Х.Хасбаатарыг нас барснаас хойш хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа" гэдгийг АТГ-аас мэдээлсэн.
Харин үүний дараа Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэг гэх эмэгтэй өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдэгдэл гаргасан байдаг. Тухайн мэдэгдэлд "Админерал" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан БНХАУ-ын иргэн н.Хасбаатарын ар гэрийн гомдлоор хэрэг үүсгэн хойшлуулшгүй арга хэмжээ авч саатуулсан гэх мэдээлэл нь ор үндэсгүй худал. Тус хэргийн материалд н.Хасбаатарын ар гэрээс ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаагүй байна. Хэргийн материалд энэ талаар тэмдэглэл байхгүй" гэдгийг тодотгосон байдаг.
-Ц.ЧУЛУУНЗАГДЫН ТАЛААР МЭДЭГДЭЛ ГАРГАСАН ӨМГӨӨЛӨГЧ Б.ОЮУНБИЛЭГ МАН-ЫН УЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАДАГ БАЙНА-

Тэгвэл АТГ-аас Ц.Чулуунзагдын өмгөөлөгч Б.Оюунбилэгт холбогдох асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн холбоонд ханджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ нь Б.Оюунбилэгийг өмгөөлөгчийн ёс зүйн алдаа гаргасан, намын эрх ашгийг хамгаалахын тулд мөрдөх байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн үзэж, Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандсан байна.
МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Оюунбилэг нь Говь-Алтай аймгийн шүүх анхан болон давж заалдах шүүхэд ажиллаж байсан нэгэн бөгөөд өдгөө Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байна. Гэтэл Өмгөөллийн тухай хуульд "Өмгөөлөгчид улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлж байгаагаас бусад тохиолдолд өмгөөлөгч нэршлийг ашиглан улс төрийн нам, эвслийн байр суурийг илэрхийлэхийг хориглоно" гэж заажээ.
Ямартай ч Ц.Чулуунзагдын өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Оюунбилэгийг хууль зөрчсөн эсэхийг удахгүй Монголын Өмгөөлөгчдийн холбоо тогтоож, асуудлыг шийдэх бололтой.