"Б.Дэлгэрсайханы дэмжлэг байхад болно" хэмээн хууль бус үйлдлээ хаацайлдаг гэх Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Цолмонбаяр албан хаагчдаа зодож, танхайрчээ

"Б.Дэлгэрсайханы дэмжлэг байхад болно" хэмээн хууль бус үйлдлээ хаацайлдаг гэх Хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Цолмонбаяр албан хаагчдаа зодож, танхайрчээ

Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын ёс зүй, сахилга баттай холбоотой таагүй мэдээлэл үе үе гардаг. Тиймээс ч энэ салбарт шинэчлэл хийх ёстой гэдгийг зарим учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгвэл саяхан болж өнгөрсөн "Хилчдийн баярын өдөр"-өөр хамт олноороо архидан согтуурч, албан хаагчдаа гар хүрч, эрх чөлөөнд нь халдсан ноцтой хэрэг Дорноговь аймагт гарчээ. 

Тодруулбал, жил бүрийн есдүгээр сарын 17-ны өдрийг Хил хамгаалах байгууллагын хэмжээнд "Хилчдийн баярын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү баярыг Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Хилийн 0168 дугаар ангийн хамт олон тэмдэглэн өнгөрүүлэхдээ архидан согтуурч, улмаар муудалцан нэгнийхээ биед халдаж, зодсон ноцтой хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хилийн 0168 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн баяраа тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурч, зарим албан хаагчид нь хоорондоо маргалдаж, зодолдсон байгаа юм.

Гэтэл уг асуудлыг ангийн захирагч, хурандаа Ч.Цолмонбаяр нь хууль, журмын дагуу шийдвэрлэх бус Хүний нөөцийн дарга, дэд хурандаа н.Ганзултайгаа нийлж, хэрүүл маргаан эхлүүлсэн албан хаагчдыг номхотгох зорилгоор хэмээн албан хаагчдаа ээлж дараалан зодсон байна.

Ингэхдээ эмэгтэй албан хаагчдаа ч гар хүрч, зодсон гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм. Харин ангийн захирагч нартаа зодуулсан албан хаагчид одоогоор хууль хяналтын байгууллагад хандаагүй байгаа аж. Гэхдээ эл байдал цаашид ч үргэлжилж магадгүй бөгөөд хууль, дүрэм зөрчиж албан хаагчдынхаа биед халдаж, зоддог эл байдал даамжирч, хэн нэгэн албан хаагч эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэх вий гэх болгоомжлол, эрсдэл байгаа гэдгийг эх сурвалж нуугаагүй юм.

Учир нь Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь хилийн 0168 дугаар ангийн захирагч, хурандаа Ч.Цолмонбаяр нь өмнө нь ч албан хаагчдынхаа биед нэг бус удаа халдаж, зодож байсан аж. Тэрбээр эдгээр хууль бус үйлдлээ "Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы дэмжлэг байхад болно" хэмээн хаацайлдаг байна. Энэ мэтээр төрийн албан хаагчид байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа албан хаагчдадаа хариуцлага тооцож, анхааралдаа авахгүй бол цаашид хэн нэгэн албан хаагч эрүүл мэнд, амь насаараа хохирч болзошгүй байгааг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.