ШУУРХАЙ: "Бадрах Энержи"-гийн захирал М.Мелеардын биед халдсан Б.Бурмааг цагдаагаас олон үндэслэлээр буруутган шалгасан ч, хэргийг прокурор хаажээ

ШУУРХАЙ: "Бадрах Энержи"-гийн захирал М.Мелеардын биед халдсан Б.Бурмааг цагдаагаас олон үндэслэлээр буруутган шалгасан ч, хэргийг прокурор хаажээ

Ураны "Зөөвч-Овоо" ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" компанийн удирдлагууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21 /2025.04.21/-ний өдөр уран эсэргүүцэгч иргэдийг хүлээн авч уулзах үеэр эсэргүүцэгчдийн нэг нь тус компанийн захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрсан хэрэг гарсан.

ВИДЕО: 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Б.Бурмаа гэх эмэгтэйг Эрүүгийн хуулийн хэд, хэдэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. 

Тэгвэл Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн захирал Марк Мелеардын биед халдсан хэргээр шалгагдаж байсан Б.Бурмаад холбогдох хэргийг прокуророос хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Б.Бурмаа гэх эмэгтэйг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл буюу "олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах", Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл "заналхийлэх" гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, улмаар дээрх зүйл ангиудаар яллагдагчаар татах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Гэтэл прокуророос тус хэргийг хянаж байгаад хэргийг хаасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагч "Бадрах Энержи" компанийн захирал Марк Мелеардын биед халдсан Б.Бурмаа гэх эмэгтэйн хэргийг прокурор хэрэг биш гэж үзжээ. 

Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл. /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/ 1-д Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ", 

13.5 дугаар зүйл /Заналхийлэх/ 1-д Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.