Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр яллагдагчаар татагдсан иргэн Г.Чинзоригт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл Г.Чинзоригт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй тэрбээр өдгөө ч цагдан хоригдсон хэвээр байгаа аж.
Эргэн сануулахад, энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Г.Чинзориг нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн М.Тэнгистэй үл ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт гурван удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан байдаг.
Улмаар прокуророос Г.Чинзоригт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсэгт зааснаар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм.