Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх Б.Ариунаад 15 жил, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн хорих ялыг, хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүс Улсын дээд шүүхэд ханджээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Б.Ариунаа, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нар нь гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон байдаг. Тухайн хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, Нийслэлийн прокуророос дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэг, 19.4-2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг хэлэлцээд дээрх нэр бүхий хүмүүсийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэм буруутайд тооцож, Б.Ариунаад 15 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, Э.Саранцэцэг, Б.Нэргүй нарт 12 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Тэгвэл, шүүгдэгч Б.Ариунаа, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, шүүгдэгч Б.Нэргүйн өмгөөлөгч С.Чинбат нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх хурал маргааш буюу есдүгээр сарын 10-ны өдөр товлосон байна.
Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн 1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ".
Мөн хуулийн 2-д "Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Тайлбар: -Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө гэж заажээ.