Бусдын амь насыг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагаас энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн З-н амь насыг хутга ашиглан хохироосон, мөн энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт иргэн “Б”-г баруун гарын булчин, цээж хэвлий тус газарт 2 удаа хутгалж, амь насыг хохироосон хэргүүдэд тус бүр мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэмт хэргийг үйлдсэн холбогдогч Г, Ц зэрэг нэр бүхий 2 этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлыг тогтоон мөрдөн байцаалтыг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ үйлдсэн байх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.