ЕБС-ийн сурагчид нэгнийгээ хутгалж, гэмтээсэн гэх мэдээлэл худал бөгөөд бичлэг хийж түгээсэн иргэнийг шалгаж эхэлжээ

ЕБС-ийн сурагчид нэгнийгээ хутгалж, гэмтээсэн гэх мэдээлэл худал бөгөөд бичлэг хийж түгээсэн иргэнийг шалгаж эхэлжээ

Цахим сүлжээнд өнөөдөр /2025.09.03/-ны өдөр нэгэн иргэн "Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн сурагчид нэгнийгээ хутгалсан" хэрэг гарсан талаарх мэдээллийг лайв бичлэг хийж цацсан нь олныг айдас автуулаад байна.

Тухайн иргэн нь "Долдугаар ангийн гурван хүүхэд, тавдугаар ангийн гурван охиныг хутгалсан хэрэг гарлаа. Хохирогч хүүхдүүдийг түргэн тусламжийн автомашин авч явсан" гэх утгатай зүйлийг мэдээлсэн юм.

Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн сурагчид нэгнийгээ хутгалж, гэмтээсэн гэх мэдээлэл нь худал. Ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" гэдгийг тодотголоо. Харин цахим орчинд худал мэдээлэл түгээж, олон нийтийг айдаст автуулсан бичлэг хийж, тараасан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Иймд иргэдийг баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, элдэв худал мэдээллийг түгээхгүй байхыг сэрэмжлүүлж байна.