ШУУРХАЙ: "Баян" Р.Базараа нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

ШУУРХАЙ: "Баян" Р.Базараа нарт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүний холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, тэднийг хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ. Улмаар нэг сарын дараа тэдний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байв.

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. 

Ингэхдээ “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарыг "Банк хууль бусаар байгуулах", "Банкны төлбөрийн чадвар алдагдуулах", "Мөнгө угаах", "Хүнийг хүчээр алга болгох", "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" гэсэн зүйл ангиар шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. 

Өмнө нь тус хэргийг мөн прокурорт нэг удаа шилжүүлсэн ч прокуророос нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байсан аж. Харин энэ удаад тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурор шийдэх юм. 

Хэрэв прокуророос Р.Базараа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээр тэдний гэм буруутай нь тогтоогвол найм хүртэл жилийн хорих ял шийтгэгдэж магадгүй юм. 

Эрүүгийн тухай хуулийн 18.13 дугаар зүйлийн "Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах" 1-д "Банкыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нээж үйл ажиллагаа явуулсан, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн "Мөнгө угаах"1-д "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Харин Эрүүгийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн "Хүнийг хүчээр алга болгох" 3.2-д "хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ, харин 17.6 дугаар зүйлийн "Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх" 1-д Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө