Мансууруулах үйлчилгээтэй “Өвс”-ийг  түүж бэлтгэсэн 11 хүнийг илрүүлж, 13,6 кг ургамлыг хураан авчээ

Мансууруулах үйлчилгээтэй “Өвс”-ийг  түүж бэлтгэсэн 11 хүнийг илрүүлж, 13,6 кг ургамлыг хураан авчээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны долдугаар сарын 21-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамлыг түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэмт хэргийн шинжтэй 11 хүнд холбогдох 6 гэмт хэргийг илрүүлж 13,6 кг ургамлыг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тус газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан М–ийг 2025.07.23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Дээрх этгээд нь баривчлагдах үедээ биедээ мансууруулах үйлчилгээтэй олсны ургамал хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авсан.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамлыг ашиглахтай холбоотой аливаа үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохыг анхааруулъя.