Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Та бүхэн сайхан наадаж байна уу. Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд бид эх орныхоо манаанд гараад байгаа оюутан цэргийн нэг өдрийг сурвалжиллаа. Тэд цэргийн албаа нэр төртэйгөөр хааж, эх орноо гэх сэтгэлтэй, эр хүн болж төлөвшиж байгаа талаараа бидэнд ярьсан юм.
ВИДЕО:
Энэ жил ҮБХИС-ийн Шар хад дахь хээрийн сургалтын төвд 25 их, дээд сургуулийн 600 гаруй оюутан цэрэг 60 хоногийн хугацаанд цэргийн алба хааж байна. Тэд цэргийн 11 мэргэжил эзэмшиж, 1-р цэргийн бэлтгэл үүрэгтэн болно. Энэ нь эх орон дуудвал тэд хэзээд ч эх орноо хамгаалахаар мордох, улсын дайчилгааны нөөц болно гэсэн үг юм. Оюутан цэрэг эрсийн нэг өдөр бүрээн дуугаар сэрж, өглөөний дасгалаас эхэлдэг. Улмаар тэд өглөөний дасгалын дараа өглөөний цайгаа ууна. Харин үүний дараа энэ өдрийг хамгийн гол үйл явдал буюу өглөөний нэгдэлт эхэлнэ дээ. Цэрэг эрсийн нарийн цагийн хуваарьтай амьдралын хажуугаар бид тэдний сэтгэгдлийг сонсож, цөөн хором ярилцсан юм.
-ОЛОН ААВЫН ХӨВГҮҮДТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭН ЦЭРГИЙН АЛБА ХААНА ГЭДЭГ БАХАРХАЛТАЙ-
Оюутан цэргүүд “Цэргийн амьдрал таалагдаж байна. Маш сонирхолтой гоё байгаа. Эр хүн ямар байдгийг ухааруулж, тэсвэр, хатуужил суулгадаг юм байна. Энд ирээд өөрөө өөрийгөө их ойлгож байна. Жагсаалын бэлтгэл, галын бэлтгэл хичээл илүү их таалагдаж байна. Мөн цэргийн хоол бидэнд маш их таалагдаж байгаа. Өдрийн дөрвөн удаа, амтлагчгүй гоё амттай хоол өгдөг. Бид энд өнгөрүүлсэн өдрүүдээ үргэлж дурсан санаж ярих байхаа. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн алба хаана гэдэг бахархалтай” гэв.
-ОЮУТАН ЦЭРГҮҮД ИРЭХ САРЫН 8-НД ТАНГАРАГ ӨРГӨНӨ-
Оюутан цэрэг сургалтын энэ жилийн онцлог нь зөвхөн нэгдүгээр курсийн оюутнууд бус 1,2,3-р курсийн оюутнууд цэргийн албыг 60 хоног хаах боломжтой болжээ.
ҮБХИС-ийн Шар хад хээрийн сургалтын төвийн захирал, хурандаа Д.Пүрэвсайхан “Оюутан цэрэг сургалтын энэ жилийн онцлог бол 1,2,3 курсийн оюутнууд бүгд суралцдаг болсон. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн 1-р курсийн оюутнууд суралцдаг байлаа шүү дээ. Оюутан цэрэг сургалт үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Эхний сургалт танхимаар ордог бол хоёрдугаар хэсэг хээрийн бэлтгэл сургуулилт юм. Хээрийн бэлтгэл сургуулилтын 60 хоногт цэргийн албанд дасах сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл хичээл болон цэргийн 11 мэргэжил эзэмшүүлэх гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг. Өнгөрсөн 6-р сарын 14-өөс эхэлсэн оюутан цэрэг хөтөлбөр ирэх 8-р сарын 10-нд тангараг өргөх ёслолоор өндөрлөнө” гэв.
ҮБХИС-ийн Шар хад дахь хээрийн сургалтын төвийн удирдлагууд Үндэсний их баяр наадмын өдрөөр буюу 7-р сарын 13-нд эцэг эхчүүдтэйгээ уулзах нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус өдрөөр оюутан цэрэг эрс эцэг эхчүүддээ зориулан урлагийн тоглолт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Тоглолтын ерөнхий найруулагчаар СУИС-ийн жүжиглэх урлагийн 3-р курсийн оюутан О.Ариунбаяр ажиллажээ.
Тэрбээр “Оюутан цэрэг нэртэй нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулдаг. Тоглолтоороо эх орноо хайрлах сэтгэлийг нь төрүүлэх болон өвөг дээдсээс хүлээж авсан энэ эх орноо үр ачдаа ч бас нэр төртэйгөөр хүлээлгэж өгнө гэсэн зорилгын дор бэлтгэлээ. Сургалтын төвд байгаа 600 гаруй хүүхдээс урлаг сонирхдог хүүхдүүдээ цуглуулж, урлагийн тоглолтоо бэлдсэн” гэлээ.