Засгийн газрын өнөөдрийн /2025.06.20/ хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан " Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу, 13.1.1 дэх заалт энэ жилээс хэрэгжиж эхэлсэн. Тухайн жилийн төсөвт тавигдсан төсөл хөтөлбөр нь тавдугаар сарын 31-нээс өмнө гэрээгээ хийгээгүй, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаагүй бол шууд хэмнэлтэд оруулах заалт юм. 2025.05.31-нээр үзэхэд 130 төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Энэ бол шууд хуулийн дагуу хэмнэгдчихэж байгаа хэлбэр. Гэхдээ бас хайран төсөв. Төсвийн ерөнхийлөн захирагч нар өмнөх жилээс харьцангуй бага төсөл хөтөлбөр тавиулсан. Тэдгээрийн 130 нь ингээд хэмнэгдэнэ гэдэг харамсалтай. Бүх сайдын багцаас хэмнэгдсэн. Эрүүл мэнд, Хот байгуулалт, орон сууцжуулалт гээд бүх сайд нарын багцаас 535.9 тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Энэ бол тодотгол биш юм. Өөрөөр хэлбэл төрийн хэмнэлтийн хуулийн дагуу хэмнэгдэж байгаа төсөв гэсэн үг. Эдгээрийг дурдаж, хавсралтаар ЗГ-ын тогтоол батлагдаж байгаа. Аливаа төсвийн тодотгол хийхээс 14 хоногийн өмнө хэлэлцүүлэг эхлэх ёстой гэсэн хуулийн заалт бий. Өнөөдрөөс олон нийтийн хэлэлцүүлэг албан ёсоор эхэлж байна гэсэн үг" гэсэн юм.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, бусад сайд нарын багцаас 342.7 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцож байгаа аж.
Харин урсгал зардлаас 1.8 тэрбумыг хасах юм.