"Койны хэрэг"-т холбогдсон О.Мөнхжин, Б.Гантиг нарыг прокуророос нэг зүйл ангиар ялласан тул тэд "торгох ял" сонсож магадгүй

"Койны хэрэг"-т холбогдсон О.Мөнхжин, Б.Гантиг нарыг прокуророос нэг зүйл ангиар ялласан тул тэд "торгох ял" сонсож магадгүй

"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарын койны зарим хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,  дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны тавдугаар сарын 17 /2024.05.17/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.20 дугаар зүйл буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин шүүх тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 19 /2025.06.19/-ны өдөр буюу Пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ. 

Хэрэв дээрх шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцвол 2-10 сая төгрөгөөр торгох, 6-2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял эсвэл 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. 

Эргэн сануулахад, Нийслэлийн Прокуророос "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм. Харин анхан шатны шүүхээс хэрэг буцаад дахин прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх нэр бүхий хүмүүст холбогдох Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/ гэсэн зүйл ангиудыг нь хэрэгсэхгүй болгож, шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийн шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.