ШУУРХАЙ: Эх орноосоо урваж, Гаднын тагнуултай хамтран ажилласан хэргээр 9 жил 6 сарын хорих ял сонссон З.Санждорж нар давж заалджээ

ШУУРХАЙ: Эх орноосоо урваж, Гаднын тагнуултай хамтран ажилласан хэргээр 9 жил 6 сарын хорих ял сонссон З.Санждорж нар давж заалджээ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард /2025.05.12/ болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан билээ. 

Тодруулбал, Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждоржид 9 жилийн 6 сарын хорих ял, Д.Бямбажавт 9 жилийн хорих ялыг шүүхээс оногдуулж, тэдний ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл З.Санждорж нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Тэднийг гомдлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал одоогоор товлогдоогүй байгаа аж. З.Санждорж нарт холбогдох хэрэг нь нууцад хамаарах хэрэг тул тэдний чухам ямар хэргээр дээрх зүйл ангиар яллаж, хорих ял оноосон нь нууц байгаа юм.  

Харин зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Эх орноосоо урвасан" гэх З.Санждоржийг Х Богд зэрэг асуудлаар гаднын улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан байж болзошгүй гэдгийг мэдээлдэг. Учир нь З.Санждорж нь 2023 оны гуравдугаар сар /2023.03/-д мэдээлэл хийж, "Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш "X Богд" гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Төвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн. Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан.

Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз" гэх агуулгатай зүйлийг мэдээлж байсан юм.

Тэгвэл З.Санждорж нь одоогоос найман жил орчмын өмнө буюу 2016 онд нэгэн хүүг Х Богдоор тодорсон хэмээн өргөмжилж байсан гэх мэдээлэл байдаг. 

Тодруулбал,  тэрбээр Хятадын коммунист намаас тодруулсан Ванчин Богдтой нийлж, өөрийн нууц хүү гэх нэгэн хүүг Х Богдоор тодруулж, сэнтийд нь залах ёслолыг хийж байсан аж. Харин үүнийг нь Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс үгүйсгэснээр асуудал намжиж байсан байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар,  З.Санждорж нар нь тухайн үед Х Богдоор тодорсон гэх хүүг "Эрдэм чадалтай, номын хүчээр газраас хөндийрч, нисэх мэт үйлдэл гаргаж чаддаг" хэмээн сайшааж байжээ. Ямартай ч Далай ламын айлчлал, Х Богд, Гандантэгчинлэн хийд гээд бурхны шашинтай холбоотой асуудалд үргэлж сөрөг байр суурь илэрхийлж, эсэргүүцэж ирсэн тэрбээр түүнд "эх орноосоо урвасан" хэргээр анхан шатны шүүхээс 9.6 жилийн хорих шийтгэгдсэн юм.