МУИС-ийн дэд профессор, эдийн засагч Б.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ВИДЕО:
-Шинээр бүрдэх Засгийн газар ямар нөхцөл байдалтай эдийн засгийг хүлээж авч байна гэж та харж байна. Өнөөдөр бид нүүрсийг төлөвлөсөн үнээрээ зарж чадахгүй байгаагаасаа болж төсвийн орлого буурах, тасалдах бодит хүндрэл тулгараад байна. Үүнээс гарах арга замыг та хэрхэн харж байгаа вэ?
-Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсвийн орлого 1.3 тэрбумаар тасалдсан байна. Харин төсвийн зарлага 760 орчим тэрбум төгрөгөөр тэлчихлээ. Тэгэхээр төсвийн нөхцөл байдал сайн биш байна гэсэн үг. Тавдугаар сарын мэдээ удахгүй гарах байх. Энэ мэдээгээр дээрх зөрүү улам нэмэгдэх болов уу. Дараагийн Ерөнхий сайд эдийн засгийн ололттой талыг нь үргэлжлүүлж, төсвийн зарлагын өсөлтөд анхаарч, гол төслүүдийг эрэмбэлэж хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа эдийн засгийн үр ашгаа өгөх тэр нь хөрөнгө оруулалтыг нөхөх боломжтой төслүүдэд хөрөнгө оруулалтаа зарцуулах нь зүйтэй болов уу гэж харж байна.
-ЭНЭ БАЙДЛААРАА ҮРГЭЛЖИЛБЭЛ ЭНЭ САРЫН СҮҮЛ ЮМ УУ ИРЭХ САРЫН ЭХЭН ҮЕД ТОДОТГОЛЫН АСУУДАЛ ЯРИГДАХГҮЙ ӨНГӨРӨХ БОЛОМЖГҮЙ-
- Ер нь та 2025 оны төсөвт тодотгол хийх шаардлага тулгарсан гэж харж байгаа юу?
Энэ байдлаараа удаан үргэлжилбэл энэ сарын сүүл эсвэл ирэх сарын эхэн үед тодотголын асуудал яригдах байх. Тэгэхгүй өнгөрөх боломжгүй нөхцөл байдал харагдаж байна.
-2025 онд 83 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөөлсөн нь хэт өөдрөг төсөөлөл болсон уу. Өнгөрсөн Засгийн газар яг юун дээр алдсан гэж та харж байгаа вэ. Тухайлбал, өнгөрсөн 11 дүгээр сард төсвийн төслийг УИХ-аар ярилцаж эхлэх үед АНУ-БНХАУ-ын худалдааны дайн эхэлчихсэн байсан. Энэ эрсдлийг тооцоогүй гэж зарим эдийн засагчид шүүмжилж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ер нь манай улс төсвийн орлогыг хэт өндөр төсөөлөөд байдаг. Жишээлбэл, нүүрсний үнийг нэлээн өндрөөр тавьчихдаг. Гэтэл нүүрсээс орж ирэх орлого чинь эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч байдаг. Түүний прогноз, таамаглал, олон улсын зах зээл дээрх хөдөлгөөнийг анзаардаггүй. Энэ жил өссөн учир ирэх жил дахиад өснө гэдэг л таамаглалтай. Гэтэл зах зээл дээр үнэ өсөх, буурах аль аль тохиолдол байдаг. Үүнийг огт бодолцож үзээгүй. Энэ жил гэхэд гаргаж байгаа нүүрсний тоо хэмжээ хэвээрээ боловч үнийн бууралтаас шалтгаалаад төсөв дээр орж ирж байгаа орлогын дүн тасалдчихсан байна. Тэгэхээр бид төсвийн орлогынхоо төлөвлөлтийг гаргахдаа дэлхийн зах зээл дээр прогноз ямар байна вэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Өнгөц дүгнэлт гаргах нь эргээд төсвийн орлогын тасалдал үүсгэх, зарлагаа хумих боломжгүй нөхцөл байдалд хүргэх зэрэг сөрөг үр дагавартай.
-Нүүрсний үнэ зөвхөн төсөв бус эдийн засаг, иргэд ААН-ийн татварт хүртэл нөлөөлж байна.
-Гол нь төсөв бүрдүүлэлтийн нэг чухал элемент нь нүүрс. Гэхдээ ААН-үүдийн татварын орлого бас улсын төсөвт гол нөлөө үзүүлдэг. Одоогийн байдлаар төсвийн орлогын тасалдал үүссэнтэй холбоотойгоор "ААН-үүдийг яаралтай татваруудаа төл" гэдэг нөхцөл байдал руу орчихсон явна. Энэ үед бидний гол гарц бол экспортоо өсгөх. Зэс болон алтны үнийн өсөлт харьцангуй эерэг нөлөөлөл үзүүлж байна. Үүний зэрэгцээ зөвхөн ААН-үүд дээрээ тулгуурлаад ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгээ нарийн сайн тодорхойлох ёстой юм. Зүгээр ААН-үүдээ төсөвт орлого төвлөрүүлэх ёстой, татвараа төл гэдэг шахалт үзүүлээд амжилт олохгүй. Тэгэхээр энэ богино хугацаанд үүсэж байгаа асуудлыг урт, дунд хугацаанд яаж эергээр шийдэж болох вэ гэдэг нь дараагийн ЗГ-ын гол шийдвэрлэх ёстой асуудлын нэг байх болно.
-Валютын урсгал буурч, төгрөгтэй харьцах ам.долларын үнэ чангарсаар байна. Энэ нөхцөл байдал цаашид хэр удаан үргэлжилэх бол?
-Нүүрснээс орж ирэх валютын орлого буурчихсан. Мөн өнгөрсөн оны дөрвөн сарыг энэ оныхтой харьцуулбал долоон зуугаад сая доллароор импортын дүн өсчихсөн. Эдгээр нөхцөл байдал эргээд нөгөө валютын эрэлт нийлүүлэлтэд нөлөөлж байна. Гэхдээ урт хугацаандаа валютын албан нөөц нэмэгдэж байгаа учраас тэнцвэржих болов уу гэж бодож байна.
-МАНАЙХ ШИГ ХҮН АМТАЙ УЛСААД 12 ЯАМТАЙ АЖИЛЛАДАГ-
-Шинэ Засгийн газар нь орлогодоо тааруулж зарлагаа төлөвлөх, аж, ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, томоохон төслүүдээ хөдөлгөх хамгийн гол гадны хөрөнгө оруулалтыг татах ер нь мөнгөтэй болох ажлыг яаравчлах шаардлагатай гэж та харж байгаа юу, Томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрэмблэх, амин чухал эдийн засагт ашигтай хөтөлбөрүүдээ хөдөлгөх шаардлагатайг эдийн засагч нар сануулсаар ирсэн.
-Тийм ээ. Эхний ээлжинд эдийн засгийг буцаагаад хөл дээр нь босгоход нэмэр үзүүлэх төслүүдэд илүү анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, боомтын асуудлууд байж болно. Энэ нь эргээд хурдан хугацаанд экспортыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Нөгөө талаас зарлага танах тал дээр шинэ Засгийн газар нэлээн анхаарах шаардлагатай болов уу. Ялангуяа манай улсад олон яаманд 21 сайдын асуудал яригдаж байгаа шүү дээ. Гэтэл манайх шиг хүн амтай улсууд 10-12 яамтай, 14 орчим сайдтай буюу цомхон бүтэцтэй ажиллаж болдог. Олон нам засгийн эрх цуг барьснаас шалтгаалж суудал хуваарилах маягаар төсвийн зарлагыг тэлэхэд нөлөөлж байна. Тэгэхээр одоо шинээр байгуулагдах Засгийн газар яам, сайд нарын тоог цөөлөх, захиргааны албан хаагчдын тоог багасгахад анхаарах хэрэгтэй. Тэгж байж төсөв дээр хэмнэлт үүснэ.
-Худалдааны дайн цаашид үргэлжилнэ. Хоёр том орны сөргөлдөөнийг бид хохирол багатай даван гарахын тулд нэн даруй ямар ажлыг хийх шаардлагатай гэж та зөвлөх вэ?
-Трампын гаргаж байгаа тарифын бодлогуудыг АНУ-ын шүүхээс хориглох шийдвэр гаргасан. Улс орнуудын хувьд Америктай зөвшилцөл хийх арга хэмжээг авч байна. Гэхдээ манай улсын нүүрс, гангийн экспортод нөлөө үзүүлж болох тариф өндөр хэвээр байна. Мөн нүүрс нийлүүлэх боломж байгаа боловч эрэлтгүй болох нөхцөл байдал ажиглагдана. Улмаар манай улсын төсөвт дарамт, ачаалал ирэх магадлалтай гэсэн үг. Иймээс ирэх оны төсвийг нэлээн бодолтой төлөвлөхгүй бол энэ тарифын дайны сөрөг нөлөөлөл дунд орж мэднэ. Тэгэхээр бид урьдаж төлөвлөгөөндөө тусгах, ирэх жил гаргах нүүрсний хэмжээ болон үнийн дүнг тодорхойлох зайлшгүй шаардлага байна.
Б.ЭНХМАА