Өмнөд солонгосын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ли Жэ Мён өнөөдөр /2025.06.04/ тангараг өргөж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлжээ. Тэрбээр анхны илтгэлдээ, "Умард солонгостой харилцааг тайвнаар зохицуулах, яриа хэлэлцээг сэргээхэд чиглэсэн бодлого баримтилна" гэж амласан байна.
Тодруулбал тэрээр илтгэлийнхээ үеэр, “Бид аюулгүй байдал, энх тайвныг хадгалахын тулд Умард солонгостой харилцаагаа сэргээхэд нээлттэй, уян хатан байр суурьтай байна. Харилцан ойлголцолд тулгуурлан Солонгосын хойгт тогтвортой байдлыг бий болгоно” хэмээн онцолжээ.
Мөн тэрээр АНУ болон Япон улстай гурван талт стратегийн түншлэлийг бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад илүү идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн байна. “Солонгос, Америк, Японы хамтын ажиллагаа бол бүс нутгийн энх тайвны гол баталгаа” гэжээ. Өмнөд солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нь Ардчилсан намаас нэр дэвшиж, эдийн засгийн шударга ёс, нийгмийн хамгаалал, дипломат бодлого дээр тулгуурласан амлалтуудаар сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн байна.
Эх сурвалж: Yonhap