Гэртээ осгож нас барсан нэг ой 4 сартай хүүхдийн хэрэгт ээжид нь хоёр жилийн хорих ял оноолоо

Гэртээ осгож нас барсан нэг ой 4 сартай хүүхдийн хэрэгт ээжид нь хоёр жилийн хорих ял оноолоо

Нэг ой 4 сартай хүүхэд гэртээ осгож, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн жилийн нэгдүгээр сард гарсан билээ. Тэгвэл тус хэргийг шүүх дэнсэлж, амь хохирогч хүүхдийн ээжид хорих ял оноосон байна. 

Тодруулбал, прокуророос иргэн Э.Х-г “Хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсний улмаас хүүхэд нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс иргэн Э.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн 2024 оны нэгдүгээр сард, ес эхэлсэн үед гэртээ гал түлж гэрээ дулаацуулах, хүүхдүүддээ халуун хоол цай хийж өгөөгүйгээс шалтгаалан 01 нас, 04 capтай Г.Г гэртээ осгож нас барсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн. Учир нь, шүүгдэгч Э.Х нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дугаар зүйлийн 26.2.1-д “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, ...", 5.3 дахь хэсэгт “...Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй...” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “...эцэг, эх... нь хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах...” гэж хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ эх хүний хувьд биелүүлээгүйн улмаас бага насны хүүхэд нас барсан гэмт хэргийг үйлдсэн болно гэж үзжээ.