Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг хууль бусаар худалдан борлуулсан СЭМҮТ-ийн эмч нарыг 7 саяар торгож, тэнсжээ

Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг хууль бусаар худалдан борлуулсан СЭМҮТ-ийн эмч нарыг 7 саяар торгож, тэнсжээ

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэж буй иргэдийн нас залуужиж, иргэд эл төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал нэмэгдсээр байгаа. 

Тэгвэл эл төрлийн гэмт хэрэгт эмч нар холбогдож, тэдэнд холбогдох хэргийг шүүх дэнсэлсэн байна. Тодруулбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жил илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Улмаар тухайн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Харин уг хэргийг шүүх дэнсэлж, мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг хууль бусаар худалдан борлуулсан СЭМҮТ-ийн нэр бүхий хоёр эмчийг 7 сая төгрөгөөр торгож, 2 жилийн тэнсэн харгалзах ял шийтгэсэн байна.  

Ташрамд өгүүлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэж буй иргэдийн нас залуужиж, иргэд эл төрлийн гэмт хэрэгт холбогдох явдал улам газар авч байгаа нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл авч үзэх асуудал болоод байгаа. Тиймээс ч холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, эл төрлийн гэмт хэрэгт оноодог ял, шийтгэлийг чангатгах нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж, хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа гэдгийг тодотгож буй.  Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн эм бэлдмэл хэрэглэж мансуурсан 149 зөрчлийн хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, 69 хүнийг баривчилж, 40 хүнд торгох шийтгэл оногдуулж, насанд хүрээгүй 12 хүүхдийг сургалтад хамруулсан байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт ял шийтгүүлж, хорих ангид ял эдэлж буй 149 хүнээс 134 нь эрэгтэй, 15 эмэгтэй хүн байгаа аж.