Энэтхэг, Пакистаны хооронд үүсээд байсан хурцадмал байдал өнгөрөгч шөнө /2025.05.06-07/ улам даамжирч, хоёр талын цэргийн ажиллагааны улмаас энгийн иргэдийн амь нас хохирчээ.
Тодруулбал, Пакистаны талын мэдээлснээр, Энэтхэгийн пуужингийн цохилтын улмаас нийт есөн хүн амь үрэгдэж, 38 хүн шархадсан байна. Эдгээрийн дотор гурван хүүхэд байсан бөгөөд тэдний нэг нь сүмд, хоёр нь гэртээ байхад амиа алдсан гэжээ. Энэтхэгийн пуужингийн цохилтууд Пакистаны хяналтад байдаг Кашмирын Муззафарабад, Котли, мөн Пенжаб мужийн Бахавалпур зэрэг газруудыг хамарсан байна. Харин Энэтхэгийн армийн мэдээлснээр, Пакистаны зүгээс хилийн шугам дагуу их бууны гал нээж, Энэтхэгийн хяналттай Кашмирын Пунч-Ражоури бүсэд гурван энгийн иргэн амь үрэгдсэн гэжээ.
Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зэрэг олон улсын удирдагчид Энэтхэг, Пакистаныг тайван замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж, цөмийн зэвсэгтэй хоёр улсын хоорондын зөрчил хурцдах нь бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүйг анхааруулсаар байна.
Эх сурвалж: CNN