Өчигдөр/2021.08.18/ ЭМЯ болон УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгийн талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, онцгой байдал, цагдаа, эмч зэрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй иргэдэд “АстраЗенека” вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн талаар мэдэгдсэн юм.
Тэгвэл бусад буюу “Синофарм”/Вероселл/, “Спутник V”, “Пфайзер” зэрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэд хэрхэх талаар иргэд цахим сүлжээнд нэлээдгүй асууж байна.
Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр
“Одоогоор дэлхий дээр өөр вакцинуудыг хольж хийх, эсвэл эхний хоёр тунг ижил вакцинаар, гурав дахь тунг өөр вакцинаар хийх судалгаанууд хийгдэж байна. Гэхдээ судалгааны үр дүн хараахан гараагүй, мөн вакцин үйлдвэрлэгч орнуудаас гурав дахь бүүстер тунг хольж хийж болно гэсэн албан ёсны зөвлөмж ирээгүй.
Манай улсын хувьд энэ төрлийн эмнэл зүйн судалгаа ХӨСҮТ дээр хийгдэж байна. Гэхдээ туршилт судалгаануудын үр дүн Монголд төдийгүй олон улсад тодорхой болоогүй, урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас шууд гурав дахь тунг хийх үндэслэл байхгүй.
Мөн вакцинжуулалт хийснээс хойш тухайн хүний цусанд үүсэж буй дархлаа хэр удаан үргэлжлэх вэ гэдэг том асуулт байна. Энэ төрлийн судалгаа Монголд хийгдэж байгаа. Ер судалгаануудаас харахад дархлааны түвшин буурч байна уу гэхээс, огт байхгүй болчихлоо гэсэн эрдэмтдийн дүгнэлт гараагүй байна” гэв.