Монгол Улс коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж хөл хорио тогтоогоод 100 хонож байна. Энэ хугацаанд төр засаг иргэдийн ажлын байр, орлогыг хамгаалах дорвитой алхам хийгээгүй учир 5 дугаар сарын 1-нд МҮХАҮТ, хувийн хэвшлийнхэн жагсаал зохион байгуулахаар болжээ.
Хөл хориотой 100 хоногт иргэдийн орлого хэрхэн өөрчлөгдсөн талаар МҮХАҮТ-аас хийсэн "Ажлын байрнаас хамаарах иргэдийн орлогын өөрчлөлт" судалгааны тайланг энэ сарын 20-нд танилцуулсан. Уг судалгаанд 10 мянган хүн хамрагдсан учир судалгааны үр дүн бодит байдлыг маш тодоор харуулж байгааг тус байгууллагаас онцолж байна.
Судалгаанд оролцогсдын 73 хувь нь цар тахлаас сэргийлэх арга хэмжээ тэдний гэр бүлийн орлогод маш их нөлөөлсөн, 21 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн буюу нийт судалгаанд хамрагдагсдын 94 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулсан гэжээ.