Х.Мандахбаяр: Сэтгүүлчийн эрхэнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол гудамжинд гарч тэмцэнэ

Х.Мандахбаяр: Сэтгүүлчийн эрхэнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол гудамжинд гарч тэмцэнэ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ажил үүргээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах байдал үеийн үед гарч ирсэн. Гэвч сүүлийн үед хэтэрхий зэрлэг, балмад шинжтэй болж байна. Урьд нь сэтгүүлчдийг загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын асуудал биш. Харин Монголын ардчилалд маш том аюул учирч байгаагийн илэрхийлэл.

Ганц хүн энэ бусармаг нийгмийн эсрэг зогсоход мэдээж ганцаардах зүйл бий. Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг, Доргио.мн сайтын А.Баярмаад тохиолдсон явдлууд нь хууль хүчний байгууллагын томоохон албан тушаалтнуудтай холбоотой. 

Энэ асуудлаар МСНЭ-ийн хуулийн баг, удирдах зөвлөл хуралдсан. МСНЭ мэргэжлийн байгууллагын хувьд сэтгүүлчдийг дарамтлах, монголчуудын мэдэх эрхэнд халдаж байгаа энэ асуудал дээр тууштай ажиллаж, хариуцлага нэхэж ажиллана. Хэрэв сэтгүүлчийн эрхэнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол бид хөл хориог үл хайхран гудамжинд гарч тэмцэхээс өөр сонголт байхгүй.

Иймээс МСНЭ-ээс ЦЕГ, АТГ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо руу шаардлага хүргүүлж байна. Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын дарга нар болон сэтгүүлчдэд хандан сэтгүүлчдийн эрх зөрчигдөж буй энэ асуудлаар дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа тэмцэхийг уриалж байна" хэмээлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Манай сайтын зүгээс ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон түүний хүү, эхнэртэй холбоотой баримтуудыг дэлгэн нийтэлсэн. Үүнтэй холбоотойгоор тэд тагнуулын байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүний дагуу энэ сарын 17-нд Ч.Чинбат хурандаа надаас мэдүүлэг авах үеэр миний биед халдсан.Ч.Чинбат хурандаа намайг намайг түлхэж, цохиж өрөөнөөсөө гарахын шаардсан. Улмаар миний утсыг булааж авсан. Энэ үеэр гаднаас Цагдаагийн ажилтан орж ирсэн. Намайг зодуулсан бичлэг тархсаныг хараад миний эрхийг хамгаалахаар орж ирж байгаа юм байна гэж ойлготол Ч.Чинбат хурандаа ажил үүргээ явуулахад саад болсон гээд дуудчихсан байсан. Генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал Лхагва гарагт болно” хэмээн ярилаа.