Бодлогын хүүг ес хувь болгож, хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгалаа

Бодлогын хүүг ес хувь болгож, хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгалаа

Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2020.04.13/ хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулж, 9%-д хүргэх, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар болсон байна. Ингэснээр сард төлөх зээлийн хэмжээ 20 орчим хувиар буурах тооцоолол гарчээ.

Хүндрэлд орсон иргэн 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн дотор зээл авсан арилжааны банкдаа хүсэлтээ гарган зээлийн эргэн төлөлтийн хуваариа шинэчлэх юм. Ингэснээр чанаргүй зээлийн ангилалд орохгүй юм байна. 

Түүнээс гадна өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч, шинээр олгох зээлийн өр орлогын харьцааг тооцох аргачлалд өөрчлөлт оруулж байгааг Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээллээ. 

Өмнө нь хэрэглээний зээл олгохдоо тухайн зээл хүссэн иргэний орлогыг харгалздаг байсан бол одооноос өрхийн бусад гишүүний орлогыг тооцдог аргачлалыг эхлүүлэх аж. Хэрэглээний зээлд арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлээс бусад зээл хамаарах юм.