Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байна.
Маргааш буюу энэ сарын 03-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 04-нд нутгийн зарим газраар ялимгүй цас, энэ сарын 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, энэ сарын 4-нд зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -23...-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу энэ сарын 6-нд нутгийн хойд хагаст хүйтний эрч нэмж чангарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.