БНХАУ-д коронавирус дэгдэж, халдвар авсан, нас барсан хүний тоо хурдацтай нэмэгдэж байна. Харин гадны улс орнууд БНХАУ-д мөнгө болоод эд материалын тусламж үзүүлсээр байна. Тухайлбал, манай улсын засгийн газраас тус улсад 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болсон бол манай зарим иргэд нэгдсэн 3 мянга орчим ам.долларын үнэтэй нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл илгээсэн билээ.
Тэгвэл Ардчилсан нам /АН/-аас БНХАУ-д тохиолдоод байгаа халдварт өвчний аюулыг гэтлэн давахад нь тус нэмэр болох үүднээс 10 сая төгрөгийн хандив өргөжээ. АН-ын хандивыг БНХАУ-аас Монгол улсад оршин суугаа элчин сайд өчигдөр хүлээж авсан байна.
Сонирхуулахад, манай улсын төр засаг, иргэдийн зүгээс үзүүлж байгаа хандив тусламжид БНХАУ-ын иргэд талархсан сэтгэгдлээ Wechat зэрэг олон нийтийн сүлжээгээр хэрхэн илэрхийлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.