Шарын голын нүүрсний уурхай санхүүгийн хүнд байдалд орж, төрийн өмчит компаниудад нүүрс нийлүүлэхээ зогсоожээ. Учир нь Эрчим хүчний яам /ЭХЯ/ болон Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/-ноос “Эрчим хүчний тухай хууль” зөрчин, Шарын гол ХК-ийн нүүрсний үнийг хямдаар тогтоож, тус үнээр төрийн өмчит зарим компаниудад худалдахыг үүрэг болгожээ.
Тухайлбал, Шарын гол ХК нь төрийн ямар нэг эзэмшилгүй, нээлттэй хувьцаат компани юм. Гэтэл ЭХЗХ-ны дарга А.Тлейхан “Шарын голын уурхай"-г нэг тонн нүүрсээ 40 мянган төгрөгөөр Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн өмчит компаниудад өг” гэсэн шийдвэр гаргасан байгаа юм. Гэтэл зах зээл дээр нэг тонн нүүрс 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа билээ.
Ийнхүү сүүлийн жилүүдэд Шарын гол ХК-ийн нүүрсний үнийг хэт бага үнээр ЭХЯ, ЭХЗХ-ноос тогтоох болсон нь, тус уурхай олборлосон өртгөөсөө хэт бага үнээр төрийн компаниудад нүүрсээ нийлүүлж, дампуурлын ирмэгт ирж, 500 гаруй уурхайчин ажилгүй болох нөхцөл байдалд оржээ.
Энэ мэтээр эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарт төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг нүүрс боловсруулах үйлдвэрүүдээс хоёр удаа авдаг болсноор нэлээдгүй үйлдвэр дампуурч хаалгаа барьсан гэх мэдээлэл ч байгаа юм.