Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын дээжийг авч Монголбанкинд тушаалаа

Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын дээжийг авч Монголбанкинд тушаалаа

Монгол банк, “Эрдэнэс Монгол” компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү нар оролцож байна.     

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,“Бид байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт багтдаг баян улс. Мөн түүх дурсгалын олдворуудаараа ч баялаг. Гэвч бид бусад улсуудтай харьцуулахад хөгжлийн түвшин доогуур, баян хоосны ялгаа ихтэй, ядуурлын түвшин өндөр хэвээр байна. Энэ асуудлыг өнгөрсөн 27 жилийн турш ярьсаар ирсэн.

Харин өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч боллоо. Салхитын мөнгөний орд стратегийн том орд биш. Энэ орд хэсэг хүний хууль бус үйл ажиллагааны золиос болж байсан бол өнөөдөр дээжийг нь энд авчирч, Монголбанкны Эрдэнэсийн санд тушаах гэж байна. Энд 50 кг дээжийг нь авчирчээ. Одоогоор 500 кг мөнгө олборлоод байна.

Бид гадаад валютын албан нөөцөө 4 тэрбум ам.долларт хүргэсэн тул би Монголбанкныханд баяр хүргэмээр байна. Гэвч бидний гадаад өр төлбөр мөн өндөр байгаа. Гадаад валютын нөөцөө өсгөхөд Салхитын мөнгөний ордын үйл ажиллагаа эергээр нөлөөлнө гэж найдаж байна. “Эрдэнэс Монгол”, Монголбанктай дөнгөж сая таван жилийн гэрээ байгууллаа. Үндэсний баялгийн сан байгуулах том эхлэлийг энэ гэрээгээр тавьж байна.    

2019 он өөрчлөлт шинэчлэлтийн жил байсан. Дараа жил бид ирэх онуудын хөгжлийн суурийг тавина. Үндсэн хуулийн 6.1-т “Газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ баялгийг урт хугацааны бодлогод үндэслэн, үр өгөөжтэй ашиглана. Орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Ингэснээр иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмыг бид Үндсэн хуульд оруулсан. Энэ зарчим бодитоор хэрэгжиж байгаад би их баяртай байна. Норвеги гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг бид нэвтрүүлж чадлаа. Салхитын мөнгөний ордын нөөц бага боловч ач холбогдол нь их. Цаашид  Хөгжлийн банк алт мөнгөө барьцаалан бонд гаргах бололцоотой.   Ирж буй жилд та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.