Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол улсын жижиг дунд бизнес эрхлэгчийг улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой 5 жилийн хугацаатай 40.7 тэрбум төгрөг буюу 15 сая доллар бүхий төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ”Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлэх бөгөөд төслийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг олж авахад дэмжлэг туслалцаа, сургалтаар хангах юм.
АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Майкл Клечески өөрийн хэлсэн үгэндээ “Жижиг дунд бизнес эрхлэгчид нь Монгол улсын эдийн засгийг олон талт болгох, ажлын байр бий болгоход чухал үүрэгтэй” гэдгийг онцлон “Энэтхэг-Номхон Далайн бүсийн гол түнш улсын хувьд, АНУ нь хувийн секторт түшиглэсэн чөлөөт ардчилсан нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно.” гэж дурдсан байна.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг нь санхүүжилт, компаний засаглал, ил тод байдал, хариуцлагын чадавхи болон мөнгөн дэмжлэг зэрэг жижиг дунд бизнесийн өсөлтийг дэмжсэн орчин нөхцлүүдийг дэмжиж ажиллахад төрийн болон хувийн секторын түншлэгч байгуулагуудтай хамтран ажиллах юм. 2016 оноос хойш хугацаанд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлсэн дэмжлэгийн тусламжтайгаар банк, санхүүгийн байгууллагуудад 750 зээлийг зуучилснаас гадна 600 гаруй ажлын байр шинээр бий болгосон билээ.
АНУ-ын Засгийн газар Монгол улсын ардчиллын хөгжил, тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих; тусгаар, бие даасан байдалд хүрэх замыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар, хувийн сектор болон төрийн бус байгууллагуудтай Олон улсын Хөгжлийн Агентлагаар дамжуулан хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ 10-р сард, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж сайн засаглал, хуулийн тэгш эрх, найдвартай, үр дүнтэй эрчим хүч ашиглах болон хувийн секторт түшиглэсэн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зорилготой 17 тэрбум төгрөг буюу 6.4 сая ам долларын гэрээнд хоёр улсын засгийн газар гэрээ байгууллаа.
Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам