Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ны өдөр УИХ-аас Оюутолгойн гэрээг сайжруулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тус тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газрын Оюутолгой дахь хувьцааг дахин судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ, байгаль орчин, усны үнэлгээг шинэчлэх зэргийг тусгасан билээ.
“Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг санал нэгтэй хүлээн авч буй талаараа мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Монгол Улсын Их хурал 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Дубайн гэрээг сайжруулах чиглэлээр тогтоолын төсөл баталсан.
Тус тогтоолыг баталснаар Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын бүх гэрээ хүчин төгөлдөр болохыг дахин нотолж, УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн 18 сарын турш хийсэн хяналтыг эцэслэв. Мөн “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Рио Тинто Монгол Улсын Их хурлын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохыг мөн хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.
Талууд гэрээг дагаж мөрдөн ажиллах нь улс орны хувьд чухал. Төслийн хүрээнд 2010 оноос хойш нийт 10 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ нь Монгол Улсын иргэдэд ихээхэн тус нэмрээ өгсөн. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх болно.
“Оюу толгой” бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хийх ажил их байгаа бөгөөд төслийн үр ашгийг хувьцаа эзэмшигчдэд хүртээх арга замыг эрэлхийлсээр байна” гэжээ.